Авлигын хэргээр шоронд хоригдож буй БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бак батлан даалтаар суллагдахаар болжээ.
2008-2013 онд БНСУ-ын төрийн тэргүүний алба хашиж асан Ли Мён Бак авлига, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр өнгөрсөн оны аравдугаар сард 15 жилийн хорих ял авсан. Сөүл хотын дээд шүүх 77 настай Лигийн эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад суллагдах хүсэлтийг өнөөдөр /2019.03.06/ хүлээн авлаа гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Тэрбээр өндөр настайн дээр чихрийн шижин, нойрсох үед амьсгал зогсох хам шинж зэрэг эмгэгтэй тул эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарах хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард шүүхэд гаргасныг ийнхүү хүлээн авсан байна.
Өмнөд Солонгосын амьд ахуй дөрвөн ерөнхийлөгч асан дөрвүүлээ ял сонссон. Ли Мён Бакийн удаах ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 25 жилийн хорих ял эдэлж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
odoo emegtei erunhiilugchuu sullamaar yum