OneCoin компанийн тэргүүнийг баривчиллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

АНУ-ын Хууль зүйн яам, Нью Йоркийн Өмнөд дүүргийн прокурорын газартай хамтран “OneCoin” компанийн тэргүүн Константин Игнатовыг баривчилсан талаар мэдэгджээ.

Игантовыг цахим сүлжээгээр луйвар хийж, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулагчдыг мэхэлсэн хэрэгт буруутган саатуулсан байна. Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудалд баривчлагдсан Игнатовд цахим луйвар хийсэн хэргээр дээд тал нь 20 жилийн ял оноож магадгүй гэнэ. Түүний эгчийн эсрэг мөн дөрвөн хэрэг үүсгэсэн бөгөөд одоогоор баривчлаагүй байгаа юм. Мөн  “OneCoin”  компанийн хуульч Марк С Скоттын эсрэг 400 гаруй сая ам.долларын хэмжээтэй мөнгө угаасан хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. 

2014-2016 оны хооронд “OneCoin” компани 3.77 тэрбум ам.долларын орлого олсноос 2.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. “OneCoin” сүлжээний гишүүд криптовалютад хөрөнгө оруулах шинэ гишүүдийг сүлжээнд оруулж, мөнгө олдог байжээ. Гурван сая гишүүнтэй тус компани өдгөө үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа юм.

OneCoin компани Энэтхэг, Хятад, Итали зэрэг хэд хэдэн улс оронд хууль, эрх зүйн асуудалд ороод байгаа бөгөөд бусад улс орны эрх баригчид тус компанийн үйл ажиллагааг шалгаж, энэ сүлжээнд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй хэмээн анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top