FTX биржийн араас дахин нэг крипто бирж дампуурав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Крипто валютын “Genesis” биржийн удирдлага дампуурах тухай хүсэлт гаргажээ. Тус бирж “FTX” крипто бирж дампуурсны дараа дампуурлаа зарлаж буй сүүлийн компани болж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

“Genesis” бирж “FTX” биржтэй хамтран ажиллаж, зээл олгодог байжээ. “Genesis” биржийг эзэмшдэг “Digital Currency Group” компани биржээ аврахын тулд хөрөнгө оруулалт татахыг оролдож, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажилтнуудаа 30 хувиар цомхотгосон. Гэсэн хэдий ч мөнгөө татах олон тооны хүсэлт биржийг дампуурахад хүргэсэн байна.

“FTX” крипто валютын биржийн дампуурснаас хохирсон бас нэг бирж нь “Coinbase Global” бирж. Энэ сарын 10-нд тус биржийн удирдлага ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгох тухай зарласан. 2022 оны есдүгээр сарын байдлаар тус биржид 4.7 мянган хүн ажиллаж байжээ. “Coinbase Global” биржийн ерөнхий захирал Брайан Армстронг “FTX” биржийн дампуурал крипто валютын салбарт хүнд цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top