ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 17

Энэ долоо хоногт Этиоп улсад осолдсон Боинг 737 МАХ 8 онгоц тойрсон дуулиан дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан хэвээр. Нийт 158 хүний аминд хүрсэн тус загварын онгоцыг ашиглахаас ЕХ-ны 28 гишүүн орон, Австрали, Канад, Хятад, Энэтхэг, Индонез, Кувейт, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Сингапур, Швейцар, Турк, Тайланд, АНЭУ, АНУ зэрэг нийт 50 гаруй улс орон татгалзаад байна.

Пүрэв гарагт Боинг компани 737 МАХ загварын онгоц нийлүүлэлтээ түр зогсоосон тухай мэдэгдэв. Тус компани сард 52 737 бүх загварын онгоцыг үйлдвэрлэдэг бөгөөд үүнийгээ 57 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байжээ. 737 МАХ загварын онгоцны нийлүүлэлтээ түр зогсоосноор Боинг компани 5.1 тэрбум ам.доллар буюу нийт жилийн орлогын 5 хувьтай тэнцэх алдагдал хүлээж болзошгүй байна.

Сануулахад, Аддис Абеба хотын нисэх онгоцны буудлаас 2019.03.10-нд хөөрсөн ч хэдхэн минутын дараа болсон ослын улмаас 35 орны 149 иргэн болон нисэх багийн найман гишүүн бүгд амиа алдсан. Зорчигчдын дунд НҮБ-ын 19 ажилтан байжээ. Эмгэнэлт үйл явдалтай зэрэгцэн нэгэн азтай тохиолдол гарсан нь эл ослоос нэг хүн амьд үлдсэн хэрэг байв. Этиопт осолдсон нислэгээс хоёрхон минут хоцорч ирсэн Грек улсын иргэн Антонис Мавропоулос “Би тус нислэгийн 150 дахь зорчигч нь байх ёстой байлаа” гэж өөрийн Facebook хуудсанд бичжээ. “Гарцаа олоход минь хэн ч туслаагүй учир би маш их тэвдэж байсан” гэж тэрбээр бичээд, онгоцны тийзийнхээ зургийг оруулсан байв. Олон улсын хатуу хог, хаягдлын холбооны ерөнхийлөгч Мавропоулос НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ассамблейд оролцохоор Найроби хот руу явж байсан аж.

-Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын Ханой хотноо болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Хойд Солонгос энэ долоо хоногт анх удаа албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ хоёр удаа албан ёсоор илэрхийлсэн байр суурь нь эсрэг тэсрэг байв. Долоо хоногийн эхээр /2019.03.12/ БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах амлалтаа биелүүлэх чин эрмэлзэлтэй байгаа бөгөөд АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэж тус улсын мэдээллийн "Уриминжоккири" цахим хуудас “Цөмийн зэвсгээс бүрэн ангижрах нь бидний хатуу байр суурь” гарчиг бүхий нийтлэлд онцолж байсан бол гурван хоногийн дараа БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар АНУ-тай хийх яриа хэлэлцээгээ зогсоох тухай шийдвэрийг хэлэлцэж байна гэж БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Цой Сон Хи Пёньянд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. “Бид АНУ-аас тавьсан аль ч хэлбэрийн шаардлагад буулт хийх, тэр тусмаа иймэрхүү төрлийн яриа хэлэлцээ явуулах бодол алга” гэж Цой Сон Хи онцлоод Ханойд болсон дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний хариуцлагыг үр дүнд хүрэх чин хүсэл бус зөвхөн өөрийн улс төрийн эрх ашгийг бодсон АНУ-ын тал хүлээх ёстой гэжээ.

Хойд Солонгосын тал яриа хэлэлцээний эхэнд бодит саналуудыг дэвшүүлсэн бол Дональд Трамп тохиролцоонд хүрэхийн тулд уяан хатан арга зам эрэлхийлнэ хэмээн мэдэгдэж байжээ. Түүний хэлснээр, сүүлд өргөтгөсөн уулзалт дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар дайсагнасан, үл итгэсэн уур амьсгалыг бий болгож, БНАСАУ, АНУ-ын дээд удирдлагуудад хэлэлцээ хийх бүтээлч хүчин чармайлтад саад болсон гэж Цой Сон Хи онцлон тэмдэглээд үүнээс болж дээд хэмжээний уулзалт ямар нэг тодорхой үр дүнгүй төгссөн гэв.БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ойрын үед Ханойн дээд хэмжээний уулзалтын дараа тус улсаас авах цаашдын арга хэмжээний талаар тухай албан ёсоор мэдэгдэл хийх гэнэ.

-Шинэ Зеландын Крайстчерч хотын лалын хоёр сүмд халдлага гарсны улмаас амиа алдсан хүний тоо 50 хүрэв. Гэрчүүдийн мэдээлснээр, 300 гаруй хүн мөргөл үйлдэхээр цуглараад байсан тус сүмд дуулга, цэрэг загварын хүрэм өмсч, нүдний шил зүүсэн нэгэн цагаан арьст этгээд автомат буугаар гал нээжээ. Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд Шинэ Зеландын Крайстчерч хотын тойргийн шүүх тус хотын лалын сүмд халдлага үйлдсэн Австралийн иргэн, 28 настай Брентон Таррантыг ирэх сарын 5-ны өдөр болох дараагийн шүүх хурал хүртэл үргэлжлүүлэн хориг шийдвэр гаргав. Сүүлийн хэдэн жил Шинэ Зеландын Данидин хотод оршин сууж байсан Брентон Харрисон Таррант шүүх хурлын үеэр огт гэмшсэн байдал гаргаагүйн дээр гэрэл зураг авах үед нацистуудын үйл хөдлөлийг үзүүлж байжээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн болсон хэргийг алан хядах ажиллагаа байсан хэмээгээд тус улсын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн нэг байлаа гэв. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн улс орон даяар аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюулын түвшинг нэмэгдүүлнэ гээд одоо үйлчилж буй зэвсгийн тухай хуулийг эргэж харна гэж мэдэгдлээ.

Шинэ Зеланд улсад олон нийт рүү гал нээх тохиолдол ховор гардаг байна. 1990 онд сэтгэцийн өвчтэй нэгэн этгээд Арамоана хотод 13 хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарснаас хоёр жилийн дараа буюу 1992 онд зэвсгийн тухай хуулиа чангатгаж, хагас автомат буу эзэмших эрхийг хязгаарласан билээ. Гэсэн хэдий ч 16 хүрсэн хэн ч аюулгүй байдлын сургалтад хамрагдсаны дараа энгийн галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжтой аж.

-Сүүлийн үед Өмнөд Солонгост олон нийтийн дунд яригдаж байсан “BIGBANG” хамтлагийн дуучин Сынригийн клуб, хар тамхи, биеэ үнэлэгчидтэй холбоотой хэргийн талаар шинэ мэдээлэл, баримтууд илэрснээр дахин дуулиан тарилаа. Алдарт BIGBANG хамтлагийн таван гишүүний дөрөв нь цэргийн алба хааж байгаа бөгөөд үлдсэн ганц гишүүн болох Сынри энэ сарын 25-нд цэрэгт татагдах ёстой байсан боловч гэмт хэрэгт холбогдон, сэжигтнээр татагдаад байна. БНСУ-ын Цагдаагийн газраас “ARENA” шөнийн клубт гарсан хэргийг шалгаж байгаад, Сынри тус клубтэй холбоотойг илрүүлэв. Ингээд мөрдөн байцаалтын явцад Сынри хэргийн гэрчээс сэжигтэн болох нь зарим баримтаар тогтоогдоод байгаа бөгөөд дуучин, продюсер Сынри өөрөө албан ёсны мэдэгдэл хийж, урлагийн ертөнцөөс гарч буйгаа зарлав.

К-поп “Bigbang” хамтлагийн Сынри, “Highlight” хамтлагийн дуучин Жун Жүн Ёны групп чатын мэдээллийг Авилгатай тэмцэх, иргэдийн эрхийн комисст мэдээлсэн өмгөөлөгч Бан Жун Хюн бэлгийн харилцааны хууль бус бичлэг хийж, тарааж байсан хэрэгтэй холбоотой бусад K-поп оддын талаар мэдээлэл хийв. Үүнээс гадна бичлэг хийж байхдаа хохирогчдод хар тамхи хэрэглүүлэн, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх ойлголт төрүүлэхээр мессежүүд байгаа гэж Бан мэдэгджээ.

Донга Ильбо сонин К-поп од Сынритэй холбоотой шинэ баримтуудыг мөн дэлгэв. Мэдээллээс үзвэл Сынригийн групп чат найман гишүүнтэй гэнэ. Тэд бүгд Сынритэй нас ойролцоо бөгөөд Сөүлийн алдарт Ганнам дүүрэгт Сөнрийгийн нээсэн баранд хөрөнгө оруулсан гэнэ. Групп чатын найман гишүүд хууль бус бичлэг шэйрлэдэг байжээ.

-Энэ долоо хоногт “Johnson & Johnson” компанийн хүүхдийн тальктай холбоотой мэдээлэл олон нийтийн, ялангуяа эцэг эхчүүдийн сэтгэлийг сэртийлгэв. Калифорнийн оршин суугч эмэгтэй “Johnson & Johnson” компанийн хүүхдийн талькнаас болж хорт хавдар тусчээ. Талькны орцонд нь шөрмөсөн чулуу орсон байсан аж. Уулын хөвөн ч гэдэг энэ чулуу нь хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ.

Мужийн шүүх Тереза Левитт гэх уг эмэгтэйтэй холбоотой хэргийг шүүж, талькинд хорт хавдар үүсгэгч бодис байгааг илрүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг ч буруутгасан байна. Компанид 29 сая долларын торгууль ногдуулжээ.Дээрх дуулиантай холбоотойгоор “Johnson & Johnson”-ы хувьцаа унав. Тальктай холбоотой асуудлыг шүүх үйл явцаас шалтгаалан компанийн хувьцаа сүүлийн зургаан сарын турш буурчээ. Энэ нь “Johnson & Johnson” компанитай холбоотой долоо дахь том дуулиан аж. Өнгөрсөн жил л гэхэд Миссури мужийн шүүх “Johnson & Johnson”-оос 4.69 тэрбум долларыг 22 эмэгтэйд олгохыг шаардсан байна. Уг эмэгтэйчүүд “Johnson & Johnson”-ы хүүхдийн тальк хорт хавдар үүсгэдэг гэж буруутгасан байжээ.

Тэгвэл “Johnson & Johnson”-ы хэвлэлийн төлөөлөгч Ким Монтагнино “Хүүхдийн тальк нь шөрмөсөн чулуу агуулаагүй. Хорт хавдар үүсгэхгүй” гэж мэдэгджээ. Иймээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа бөгөөд давж заалдах өргөдөл гаргах гэнэ. Тэрбээр хүмүүст хандан “Johnson & Johnson” компанийн зарим тальктай холбоотой маргааныг арилгахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top