Алдарт Биг Бен өнгөө өөрчилнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Лондонгийн алдарт Биг Бен цамхаг өнгөө өөрчилнө гэж ABC News мэдээлжээ. Биг Бен цагийн нүүр анхны буюу 1859 онд байсан алтан цэнхэр өнгөтэй болох гэнэ.

Одоогоор тус цамхгийн дөрвөн цагны гурав нь бүрэн засварт оржээ. 2021 онд дуусах засварын ажилд нийт 80 сая ам.доллар зарцуулах аж.

2011 онд Елизавета Хатан хаан хаан ширээнд суусны 60 жилийн ойгоор Британийн парламент тус цамхгийг албан ёсоор Елизаветын цамхаг гэж нэрийдэх шийдвэр гаргасан байна. “Биг Бен” нь алдарт цамхгийн зургаан хонхны хамгийн том хонхны нэр байсан гэнэ. Тухайн үед Биг Бен Нэгдсэн хаант улсын хамгийн том, хамгийн хүнд хонход тооцогддог байж. Түүний жин нь 13.7 тн.

Цамхгийг английн архитектор Огастес Пьюжиний зураг төслийн дагуу неогот стилээр 1859 онд барьжээ. Цамхгийн цаг 1859 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс ажиллаж эхэлжээ. Биг Бений өндөр нь 96 метр, цагны доод хэсэг нь 55 метрийн өндөрт байрладаг байна.

Вестминстерийн хамгийн том дөрвөн талт цаг хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог. Цагны зураг төслийг сэр Эдмунд Бекетт, хатан хааны одон орон судлаач Жорж Эйри нар гаргажээ. Цагийг бүтээх ажлыг Эдвард Жон Дентэд даалгаж, 1853 онд нас барсных нь дараа түүний өргөмөл хүү Фредерик Дент үргэлжлүүлж, 1854 онд дуусгажээ. Цагны механизмын нийт жин таван тонн, цагны нүүрний диаметр – 7 метр, цагийн урт болон богино зүүний урт 2.7, 4.2 метр байдаг байна.

Дөрвөн цагны нүүр тус бүрийн доор “Бидний хатан хаан Викториа I-г бурхан өршөөг” гэсэн бичиг байрлуулсан байдаг аж.

2012 оны долдугаар сарын 27-ний өдөр 8.12 цагаас 8.15 цагийн хооронд ХХХ Олимпийн их наадмын нээлтэд зориулан 30 удаа дуугарчээ. 2021 онд дуусах бүрэн засварт орхоосоо өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр Биг Бен цамхгийн цагны хонх хамгийн сүүлд дуугарсан байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top