УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018.05.29-ны өдөр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг өнөөдөр /2019.03.22/ хэлэлцэн, олонхийн саналаар дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Татварын хууль батлагдаж байгаатай холбоотой ард түмэн асар их дургүйцэж байна. Татвар нэмэгдээд 26 хувь болчихлоо гэж байна. Энд өрөө төлөөгүй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэжээ. Визийн хугацаа хэтэрвэл хэн хариуцах вэ. Үндсэн хуульд хүн бүр чөлөөтэй газар нутгаараа явах эрхтэй гээд тавьчихсан. Гадаадын иргэн татварын өртэй гэж тогтоогдвол Монголоос явахгүй. Монголын иргэн 20 саяын өртэй бол Монголоос явахгүй юм байна. Тэгэхээр татварын багц хууль орж байгаагаас болоод ААН-үүдийн татвар нэмэгдсэн үү гэдэг асуудал байна. Монголын иргэн 20 сая төгрөгийн өртэй бол гарах эрхгүй. Гадаадын иргэн хэдэн төгрөгийн өртэй бол Монголд үлдэх бүрэн эрхтэй вэ” гэж асуув.
Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Заалтуудыг мушгиж тайлбарлаад байна. 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 90 хувиар буурч байгаа. Тэгэхээр босгыг нь бид 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож өсгөсөн. Ингэснээр ААН-үүд томрох боломжтой. 3-6 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүдийн татварыг 60 хувиар бууруулж байгаа. Хөрөнгө оруулалт хийх боломж, зээлийн хүү буурах боломжийг нээж өгч байгаа хууль. Хууль хэрэгжсэнээр бодит үр дүн өгнө. Харин 20 сая төгрөгийн татварын өртэй бол хилээр гаргахгүй гэсэн заалт бий. Гадаадын иргэнээс өрөө барагдуулахыг шаардах эрх татварын байгууллагад бий. Нэг хүн орж ирээд монгол иргэдийг хохироогоод гараад явчихдаг. Хилийн байгууллагад хандах нь буруу гэж байгаа учраас шүүхэд хандах юм” гэж тайлбарлалаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Иргэд Татварын хуулиас айгаад байна. Сүлжээний бизнес хийсэн гэгддэг гадаадынхан бүгд шилдэг татвар төлөгчид байсан шүү дээ” хэмээн лавлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ний нуугүй хэлэхэд, тусгаар тогтносон улс татвараа авах ёстой. Монгол Улсын хууль зөрчсөн гадны иргэд гараад явчихвал Монголын ард түмэн л хохирно. Иймэрхүү асуудлуудыг цэгцлээд явбал хариуцлагатай хөрөнгө оруулагч нар орж ирнэ” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Энэ заалт хүчингүй болчихвол татварын байгууллага гадаадын иргэнийг хилээр гаргахыг зогсоогоод өгөөч гэж эрх бүхий байгууллагад хандах эрхгүй болж байна” хэмээн нэмж тайлбарласан.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2020.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм.
Батлагдсан хуулийн талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
Baasanhuu tomoojijee. Ah nar ni udahgui deelee numurnu.