Өнгөрөгч гуравдугаар сарын 30-нд Словак улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдаж, авлигатай тэмцэх уриатай нэр дэвшигч Зузана Чапутова нийт сонгогчдын 58 хувийн саналаар ялалт байгуулаад байна.
Авлигын эсрэг хүчтэй дуугардаг гэдгээрээ ард түмэндээ танигдсан Зузана Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй төрийн тэргүүнтэй болсон юм. 2018 онд улстөрчид, гэмт бүлэглэлийн хэлхээ холбоог эрэн сурвалжилж байсан сэтгүүлч Ян Кучиак бусдын гарт амиа алдсан нь түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн нэг шалтгаан болсон гэдэг.
Зузана Чапутова нь хуульч мэргэжилтэй, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаагаараа нэлээд нэрд гарсан улстөрч. Тэрбээр энэ жил 45 нас хүрсэн бөгөөд хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй юм.
Түүнийг нэр дэвшүүлсэн Дэвшилтэт Словак нам нь парламентад ямар ч суудалгүй.
Зузана Чапутовахэд хэдэн томоохон хэрэг дээр ажиллаж байжээ. Тухайлбал, төрөлх нутагтаа химийн хорт бодис асгаж байрлуулсан хэргийг илрүүлж, нутгийн иргэдийн талд ашигтай шийдүүлэхээр 10 гаруй жил тэмцсэний үр дүнд эцэст нь ялалт байгуулж, нэр хүнд нь өссөн байна.
Словак улсын Ерөнхийлөгчийн албан тушаал нь эрх мэдлийн хувьд хязгаарлагдмал, “бэлгэдлийн” чанартай ажээ. Гэхдээ хуульч эмэгтэй Ерөнхийлөгч болсон нь олон зүйлийн өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл хэмээн Словакын ард түмэн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )