Дэлхий дээр цор ганц үлдээд буй эзэн хааны угсааны эрх мэдэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа ихээхэн хязгаарлагдсан. Гэсэн хэдий ч Японы эзэн хаан үндэстнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсан хэвээр. Энэ сарын 1-ний өдөр тус улсад маш чухал үйл явдал болсон нь Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд суух тэр мөчөөс эхлэх шинэ эриний нэрийг зарласан явдал байлаа. Харин энэ ёслол төгөлдөр арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр болох бөгөөд тэр өдөр 85 настай түүний эцэг, эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзах юм. Рэйва хэмээгдэх эрин үе мандан бадрал, энх тайван гэсэн утгатай. Японы эзэн хааны угсаа манай гарагийн хамгийн эртний угсаад тооцогддог.
Япон улсад хоёр он тоолол үйлчилдэг гэдгийг бид гадарлана. Нэг нь бүх нийтийн он тоолол, хоёр дахь нь уламжлалт он тоолол. 2019 он тус улсад Хэйсэй он тооллын 31 дүгээр он тохиож байгаа. Эрин үе болгоны нэрийг удаан хугацаанд хэлэлцэж, шинэ эзэн хааны захирах тухайн цаг үеийн онцлогийг бэлгэдэж өгдөг.
Эзэн хаан Акихито хаан ширээнээсээ буух болсон тухай албан ёсоор 2017 оны арванхоёрдугаар сард зарласан. Энэ нь сүүлийн 200 гаруй жилд Японы түүхэнд тохиож буй анхны тохиолдол. Өдгөө 59 настай Нарухито Японы 126 дахь эзэн хаан болох юм. Шинэ эзэн хаан Нарухитогийн эрин үеийн Рэйва нэрийг анх удаа Японы уран зохиолоос авсан. Үүнээс өмнө буюу М.Э. долдугаар зуунаас эхлэн Японы эзэн хаадын бүх эрин үеийн нэрс хятадын уран зохиолоос улбаатай байдаг.
Уламжлалт он тооллыг албан ёсны баримт бичиг болон жолооны үнэмлэх дээр бичдэг тул япончуудын хувьд энэ нь ихээхэн ач холбогдолтой аж. Хэйсэй эрин үе төгсч, Рэйва он толлын нэгдүгээр оныг жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сонин хэвлэлд бичигдэх төдийгүй, уламжлалт системд бүхэлд нь өргөнөөр ашиглах болно. Дундад зууны Японд эзэн хаад бага насны хүүхэд, бүх нялх хүүхдэд хаан ширээгээ өвлүүлж, өөрсдөө сүм хийдэд суух тохиолдлууд элбэг байжээ. Гэхдээ бодит эрх мэдэл, бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзалгүй, сүүдрээс улс орноо үргэлжлүүлэн захирч байв. Тиймээс Японы хувьд эзэн хаан хаан ширээнээсээ татгалзах нь шинэ зүйл огт биш юм. Харин энэ нь маш ариун нандин, гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлж байжээ. Учир нь Дэлхийн хоёрдугаар дайн төгсөх хүртэл эзэн хааныг “амьд бурхан” хэмээн өргөмжилж иржээ. Хоёрдугаар дайны дараа АНУ Японы эзэн хаанаас “амьд бурхан” хэмээх статусаасаа татгалзаж, энгийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, зарлахыг шаардсан аж. Гэсэн хэдий ч япончуудын хувьд эзэн хаан нь уламжлалт шинто шашны тэргүүн хэвээр үлджээ.
Бэлгэ тэмдэг болсон эзэн хаан нь үхэгсдийн ертөнц болон шинтогийн бурхадыг холбох гүүр мэт байв. Харин, дайны дараа Японы шинэ Үндсэн хуулиар эзэн хаан “амьд бурхан” гэх статусаа алджээ. Өнөөдөр Японы эзэн хаан төрт улс, үндэстний эв нэгдэл, орчин цагийг өнгөрсөн үетэй холбох бэлгэ тэмдэг. Шинэ эзэн хаан Нарухитогийн үед эзэн хааны ордны амьдралын хэв маягт өөрчлөлт гарах уу?
Эзэн хааны ордны амьдралын хэв маягт Нарухитогийн өвөө эзэн хаан Шовагийн үеэс зарим нэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайныг үзэж туулсан эзэн хаан Шова татвар эмсээс татгалзаж, цорын ганц хатантай байв. Түүний хүү Акихито дээдсийн хүрээний эмэгтэйтэй бус харин зүр сэтгэлээ дагаж, теннис тоглох үеэрээ танилцсан бүсгүйтэйгээ гэрлэсэн. Энэ бол Японы хувьд үнэхээр шок байлаа. “Тэнгэрийн хүү”, чинээлэг гэр бүлээс гаралтай ч энгийн эмэгтэйтэй гэрлэсэн нь ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн бэлгэ тэмдэг болов.
Ирээдүйн эзэн хаан Нарухито ч мөн адил өөрийн гэсэн хайрын түүхтэй. Түүний одоогийн эхнэр болох Масако Японы нэртэй дипломатын охин бөгөөд ирээдүйн эзэн хаантай гэрлэхийн тулд карьераасаа татгалзахаасаа удаан хугацаанд зөвшөөрөөгүй. Хааны ордны хатуу дэг жаягт дасан зохицоход ирээдүйн хатан хаанд хүнд байсан бөгөөд сэтгэл санааны хувьд мөн тогтворгүй байсан. Ирээдүйн эзэн хаан Нарухито өөрөө ч хааны ордны хатуу дэг жаягийн эсрэг байр сууриа ганц бус удаа илэрхийлж байсан тул өөрчлөлт гарах нь дамжиггүй.
Ийнхүү тавдугаар сарын нэгний өдөр эхлэх Рэйва эрин үе 253 дахь он тоолол юм. Япон улсад хуучин эзэн хаадаа эрин үеийнх нь нэрээр нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эзэн хаан Акихитод эзэн хаан Хэйсэй хэмээн хандах гэнэ. Нэг эзэн хаан-нэг эрин үе гэх дүрэм үйлчилдэг тул эзэн хаан Нарухитогийн Рэйва эрин үе ойртсоор.
Сэтгэгдэл ( 0 )