УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд баталсан. Эл хуульд бусад гишүүний өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг байх зохицуулалтыг тусгасан юм.
Хурууны хээ уншигч төхөөрөмжийг 600 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд УИХ-ын гишүүд өнгөрсөн гуравдугаар сарын 18-29-нд болсон ээлжит бус чуулганы үеэр төхөөрөмжид хурууны хээгээ таниулж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийн хурууны хээг мэдээллийн санд бүртгэсэн байгаа бөгөөд төхөөрөмжийг 263 мянган удаа туршин баталгаажуулжээ.
Хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал өгдөг болсон явдлыг олон нийтийн зүгээс ихээхэн дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд ч хариуцлага нэмэгдэж, ирцийн үзүүлэлт дээшилнэ хэмээн тайлбарлаж байгаа юм. Хурууны хээгээр ирц, саналаа өгдөг болсон явдалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
ХУРУУНЫ ХЭЭГЭЭР САНАЛ ӨГДӨГ БАЙДЛЫГ ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО
-УИХ-ын гишүүн Я.Содбаатар: УИХ-ын гишүүн С.Бямбацогт бид хоёр санаачлаад өнгөрсөн онд УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, хурууны хээгээр санал өгөх, ирц бүртгэх, үг хэлэх зэрэг зүйлсийг оруулсан. Одоо хууль дөнгөж хэрэгжиж эхлээд байгаа болохоор дүгнэлт хийхэд эрт байна. Ер нь цаашдаа бид хурууны хээгээр санал өгдөг байдлыг илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Учир нь олон орны парламентад хэлэлцүүлгийн цаг, санал өгөх цаг гэж тусдаа байдаг. Хэлэлцүүлгийн цагийн үед илүү хэлэлцүүлэгтээ анхаарч, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлдэг бол санал өгөх процесс нь тусдаа байдаг. Тиймээс дараагийн өөрчлөлт үүнд чиглэх байх.
ХУРЛЫН ИРЦ ҮНЭН БОДИТ, БҮРЭН БАЙХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хурууны хээгээр ирцээ өгдөг болсон явдал нь тухайн гишүүн өөрийн биеэр саналаа өгдөг байдлыг баталгаажуулж өгч байгаа. Хууль батлагдсанаас хойш ирц сайн байгаа нь анзаарагдаж байна. Хүний хурууны хээ давтагдашгүй учраас хэн нэгэн өмнөөс нь санал өгөх боломжгүй. Заавал өөрийн биеэр ирж байж асуудалд чин үнэнчээр саналаа өгнө. Түүнээс биш юу хэлэлцэж байгааг мэдэхгүйгээр автоматаар санал дараад байдаг явдал байж болохгүй. Энэ талаасаа бол хурлын ирц үнэн бодит, бүрэн байх тухайд ач холбогдолтой болсон. Чуулганы нээлтийн үеэр гишүүд будилж байгаа харагдсан. Сурахад хялбар. Гэхдээ хоёр кноп дарах хэрэгтэй болсноор яарсан үед хоцрох, дутуу дарах магадлалтай юм билээ.
ХУУЛЬ ГАРСНААР ХҮНИЙ ӨМНӨӨС КНОП ДАРАХ АСУУДЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн болж орж ирсэн цагаасаа эхлэн миний бие бусдын өмнөөс кноп дарах үзэгдлийг шүүмжилдэг байсан. Би гэхэд 70 мянган иргэний саналыг төлөөлж УИХ-д сууж байгаа. Миний хажууд сууж байгаа гишүүн ч мөн олон мянган иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүнээр сууж байгаа. Тэгэхээр бусдын кнопонд хүрнэ гэдэг нь тэр олон мянган иргэний эрхэд халдаж байгаа хэрэг. Тухайн гишүүн өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандахад нөлөөлж болохгүй гэсэн үндсэн байр суурьтайгаар дөрвөн удаа сонгогдохдоо ажиллаж ирсэн. Би хүний кнопыг дардаг бүх хүнийг шүүмжилдэг байсан. Эцэст нь хууль гарснаар хүний кноп дардаг асуудлыг бүрэн арилгасан.
Сэтгэгдэл ( 0 )