Ховор баялгийнхаа хусмыг биш өрмийг өөрсдөдөө үлдээе

2019 оны 04 сарын 10

-Монголын ховор элементийг гадныхан сонирхож байна-

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх хийгээд үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулахаар ажиллаж буй гэдгээ мэдэгдсэн. Дэлхийд улам бүр үнэ цэн нь өсч буй ховор элементийг ашиглах чиглэлд засгийн зүгээс бодлоготой ажил­лаж эхлэх нь гэж ойлгогдож байгаа. Ховор элементийн салбар бол манай тухайд шинэ ойлголт гэхэд болно. Технологийн түүхий эд болох литийг олборлож байгаа уурхай өнөөдөр Монголд байхгүй. Харин хайгуулын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани бий. Тэгвэл засгийн зүгээс ховор элементийн талаар дуугарах болсонтой зэрэгцэн гадныхан сонирхлоо илэрхийлээд байгаа юм.

Тэдний сонирхол

БНСУ-ын POSCO групп манай улсын литийн нөөцийг сонирхож байна. Тус группийн охин компани POSCO Daewoo-гийн удирдлага “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяртай уулзахдаа газрын ховор элемент болох литийн хайгуулын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Манай зүгээс POSCO компанийг хайгуулын ажилд хөрөнгө оруулах боломжтойг мэдэгдсэн. POSCO группийн зүгээс сонирхож, хөрөнгө оруулахаар эрмэлзэж буй литийн эрэлт дэлхийн зах зээл дээр улам бүр нэмэгдэж буй. Технологийн дэвшилтэй зэрэгцэн эрэлт хэрэгцээ нь их болохын хэрээр дэлхийн зах зээл дээрх ханш өсч, 99.5 хувийн агуулгатай Li2O3 батерейн химийн найрлагатай литийн үнэ тонн нь 10 гаруй мянган ам.доллараар хэмжигдэж байна.

Тэгвэл үнэ өндөр ховор элемент сонирхож “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбогдоод буй бас нэг компани бол Унгар улсын “МЕЧЕКЕРЦ” төрийн өмчит ком­пани юм. 1956 онд ураны хайгуул олбор­лолтын чиглэлээр байгуулагдсан тус компани геотехнологийн эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны баяж­малын олборлолт, уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн Унгар улсын үндэсний хэмжээний компани гэж буй. Манай улсын тухайд Унгартай геологийн салбарт хамтран ажиллаж байсан жишээнүүд олон аж. “МЕЧЕКЕРЦ” компанийн тухайд манай улсын газрын ховор элементүүдийг судлах сонирхолтой байгаагаа 2018 оны сүүлээр мэдэгдсэн юм. Тус компани өмнө нь манай улсад вольфрамын ордын судалгаа хийж байсан. Ховор элементийн чиглэлд тэдний хамтран ажиллах санал эдийн засгийн ач холбогдолтой байх ёстойг манай талаас дуулгаад буй аж.

Бидний эрх ашиг

Нүүрс, зэс, алт гэсэн цөөн тооны ашигт малтмалыг дагаж ханарсан манай эмзэг эдийн засагт “төрөлжилт” хэрэгтэй байгаа. Гэвч эдийн засгийн бүтцийг сонгодог утгаар нь төрөлжүүлэх асуудал арав, хорин жил шаардахаар дүр зурагтай байгааг хэлэх эдийн засагчид бий. Гэхдээ энэ нь нэг газартаа арван жил зогсох тухай асуудал биш.

Алхам алхмаар зорьсондоо хүрэх ёстой. Харин бодит өөрчлөлтийг гаргах хүртэлх үйл явц нь өөрөө уул уурхайн салбарт түшиглэх нь маргаангүй. Тэгвэл энэ хүрээнд бид ашигт малтмалын салбараа “төрөлжүүлэх” чиглэлээр, ховор элементийн салбараас үр ашиг хүртэж чадах уу гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Гадны геологчдын судалгаанаас үзэхэд манай улс дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 17 хувийг хөрсөн дороо агуулж байгаа гэх. Өмнөговийн Мушгиа худаг, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашин­чилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул гэхчлэн ил тод болсон орд газрууд бий. Гэхдээ цаана нь 240 гаруй илэрц бий гэх бөгөөд хайгуул судалгааг эрчимжүүлбэл бодит нөөцийн хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн үнэлгээ нь жин дарна гэсэн хүлээлт байдаг. Тэгвэл тухайлсан чиглэлийн компани байгуулснаар АМГТГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын ховор элемент, ислийн 642 сая тонны нөөц ахина гэдэгт эргэлзэх хэрэггүйг мэргэжилтнүүд хэлдэг.

Газрын ховор элементийн нөөц бүхий дөрвөн ордыг стратегийн орд газруудад хамруулах талаар ярьж байсан ч, Халзан бүргэдтэй, Лу-гийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг бүрэн судлагдаагүй, баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүй гэдэг шалтгаанаар хэлэлцэхээс татгалзсан байдаг.

Харин одоо төрийн өмчийн ком­­панийн нэрээр тэдгээр ордуу­дыг эдийн засгийн эргэлтэд оруулах бол стратегийн гэх ангилалд багтаах тухай хаагдсан сэдэв сэргэж таарах биз. Ховор элементийн салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал төр засгаас бодлого шаардаж таарна.

Дашрамд өгүүлэхэд, Америк, Герман, Япон, Солонгос зэрэг улс орнууд дахь газрын ховор элементийн эрэлт өссөөр байгаа. Харин уг түүхий эдийн зах зээлийг дөчөөд жилийн өмнөөс гартаа атгаж, 90 гаруй хувийг дангаараа олборлон монополь байр суурийг эзэлсэн Хятад улсын хувьд нөөц буурч байна, байгаль экологи ч хэцүүдэж байна гэсэн үндэслэлээр нийлүүлэлтээ хумих талаас нь байр сууриа илэрхийлж ирсэн. Үүнийг дагаад Монголын ховор элементийн өрсөлдөх чадвар нэмэгдэх таамаг бий. Газрын ховор элементийн төлөөх дэлхийн улс орнуудын эрэлхийллээс манай улс хожих уу, хусам биш өрөмтэй үлдэх үү гэдэг асуулт шинээр тавигдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросжсон орк(202.179.27.144) 2019 оны 04 сарын 10

Хусам өрөмтэйгөө хөдөө тал руугаа зайлцгаа оркууд.

0  |  0
Top