Санхүүгийн зохицуулах хороонд энэ сарын 11-ний өдрийн байдлаар 305 хувьцаат компани бүртгэлтэй байна. Компанийн тухай хуульд заасны дагуу эдгээр хувьцаат компаниуд Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хуралдуулахыг бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү ХЭХ бол ХК-ийн эрх барих дээд байгууллага юм.
Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэрээ уг хурал болохоос 40-өөс доошгүй хоногийн өмнө гаргахаар хуульчлагдсан бөгөөд дээр дурдсан 305 ХК-аас 154 нь хуулийн хугацаанд шийдвэрээ гаргаж, Хороонд мэдэгдлээ ирүүлсэн байна. Эдгээрээс одоогийн байдлаар 11 ХЭХ хуралдаад байгаагаас гурван хурлын ирц бүрдээгүй байна.
Хуульд зааснаар ХЭХ-ийн ирцийг саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувь байхаар тогтоосон бөгөөд ирц бүрдээгүй тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр бус гэж тооцон хойшлуулж, дахин хуралдах өдрийг Төлөөлөн удирдах зөвлөл товлоно. Харин хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулахыг хориглодог.
Бусад товлогдсон хурлууд дөрөвдүгээр сарын 30-наас өмнө буюу хуулийн хугацаанд болно.
Сэтгэгдэл ( 0 )