Владимир Путин, Ким Жон Ун нарын уулзалт: Талуудын ашиг сонирхол

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын хоёрдугаар хагаст ОХУ-д айлчлал хийнэ гэж Кремль албан ёсоор мэдээлжээ.

Үүнээс өмнө буюу энэ сарын 17-18-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн департаментын Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай элч Стивен Биген Москва хотноо айлчилсан. Тэрбээр Оросын талтай Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хүчин чармайлтын талаар хэлэлцэх зорилготой байв.

Түүний энэ айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар уулзах талаар дэлхий даяар шуугиж байгаа үед болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байв. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Путин, Ким нарын дээд хэмжээний уулзалт ирэх долоо хоногийн эхээр болно гэж таамаглаж байсан нь баталгаажлаа. Орос, Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүд дээд хэмжээний уулзалт Оросын Алс Дорнодод болох магадлалтай хэмээн таамаглаж байгаа бол Оросын “Известия” сонин В.Путин БНХАУ-д энэ сарын 26-27-нд болох дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнө Владивостокт Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийх боломжтой гэж эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Лхагва гарагт БНСУ-ын Йонхап агентлаг Хойд Солонгосын агаарын тээврийн Air Koryo компанийн онгоц ирэх долоо хоногийн мягмар гарагт тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэж мэдээлсэн бол Путин, Ким хоёр ирэх лхагва гарагт Владивосток хотноо уулзах нь 99 хувийн баталгаатай гэж Японы мэдээллийн Жижи агентлаг дамжуулав.

Энэ уулзалтаас юу хүлээх вэ?

ОХУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын яриа хэлэлцээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэх сонирхолтой байгаа. Харин Хойд Солонгосын удирдагч гадаад бодлогын шинэ чиглэлийг бий болгох зорилго агуулж байх талтай. Улс төр судлаачдын үзэж буйгаар, Ким Жон Ун гадаад бодлогын арга барилаа өөрчилж, Хойд Солонгосын эрх ашгийг бэхжүүлэхэд ашиглаж байна. Өмнө нь тус улс хүч хэрэглэхээр заналхийлэх нь цорын ганц арга зам гэж хардаг байсан бол Дональд Трамптай хийсэн уулзалтаас хойш Ким Жон Ун өөрийгөө илүү үнэнч, яриа хэлэлцээ хийх чадвартай улстөрч гэдгээ харуулаад байна.

БНАСАУ-ын сансрын болон цөмийн хөтөлбөр доголдох болсон. Энэ нөхцөлд Хойд Солонгост шинэ сценари хэрэгтэй. Тиймээс Ким Жон Унд Ши Жиньпин, В.Путин зэрэг дэлхийн удирдагчидтай хоёр талын уулзалт хийх нь Хойд Солонгос нь тэргүүлэгч орнуудын нэг гэх имижийг авч үлдэх нь албан ёсны суртал ухуулгад нь хэрэгтэй. Үүний сацуу, Ким Жон Ун Трамптай хийх уулзалтаас өмнө Орос, Хятад зэрэг холбоотнуудтай яриа хэлэлцээ хийж, улс төрийн нэр хүндээ өсгөх зорилго өвөртөлж байна гэж шинжээчид дүгнэжээ. Гэхдээ энэ нь В.Путин, Ким Жон Ун нарт хэлэлцэх асуудал огт байхгүй гэсэн үг биш.

Путин, Ун хоёрын уулзалт Хятадын Бүс ба Зам форумын өмнө болох магадлал өндөр байна. Энэ тохиолдолд Путин Унтай хийсэн уулзалтын үр дүнг БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцэж, Хойд Солонгосын удирдагчийн стратегийг хамтдаа үнэлэх боломжтой.

Гэхдээ В.Путин, Ким Жон Ун нарын уулзалтаас онцгой үр дүн хүлээх хэрэггүй бөгөөд Хойд Солонгосын АНУ-тай хийж буй цөмийн яриа хэлэлцээнд нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид дүгнэж байна.

2018 онд олон улсын тусгаарлагдмал байдлаас гарсныхаа дараа Ким Жон Ун хэд хэдэн улсын төрийн тэргүүн нартай уулзалт хийгээд амжсан. Дональд Трамптай хоёр удаа уулзсан бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гурвантаа, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дөрвөн удаа уулзаад авсан. Мөн Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой ч уулзалт хийсэн билээ. Харин энэ жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байхгүй байгаа нь сонирхол татаж байна. Гэхдээ энэ байдал тун удахгүй өөрчлөгдөх магадлал өндөр байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч энэ цуурхлыг батлаад амжсан.

Пёньян, Москва хоёрт  хоёуланд нь тодорхой зорилго байгаа.

Дэглэм нь олон улсын хатуу хориг арга хэмжээнд ороод буй Ким Жон Ун Путин ерөнхийлөгчөөс эдийн засгийн тусламж авч, АНУ-тай хийж буй цөмийн яриа хэлэлцээнд нөлөөлөх нэмэлт хөшүүрэгтэй болох тооцоо хийж буй байх. Харин Путины зүгээс энэхүү уулзалтыг Хойд Солонгос дахь өөрийн нөлөөг бэхжүүлэхэд ашиглах боломжтой. Ингэснээр Москва Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын яриа хэлэлцээнээс шахагдахгүй байх баталгаагаа олж авна.

Путин ямар үүрэг гүйцэтгэх вэ?

ОХУ олон улсын тавцанд өөрийн нөлөөг бэхжүүлэх, АНУ-ын ашиг сонирхлыг хазаарлахыг эрмэлзэж байгаа. Гэхдээ Путин АНУ, Хойд Солонгосын яриа хэлэлцээнд сөрөг үүрэг гүйцэтгэж чадахгүй л болов уу. Учир нь түүнд Пёньянд үзүүлэх хангалттай нөлөөлөл үгүй гэж Сөүлийн их сургуулийн профессор үзэж байна.

Энэ тохиолдолд Орос улсын ашиг сонирхол АНУ-ын ашиг сонирхлоос хол зөрөхгүй. Хоёр тал хоёулаа Хойд Солонгосын статус-квог хадгалж, цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсч байгаа.

Түүнчлэн, Орос өөрийн чухал худалдааны түнш болох Өмнөд Солонгостой харилцаагаа муутгахыг хүсэхгүй. Дээрээс нь Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгостой хийж буй яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож байгаа. Москва Солонгосын талаар маш нарийн тэнцвэржүүлсэн байр суурь баримталдаг.  Хуучин ЗХУ задран унасны дараа Оросын эрх баригчид Хойд бус, харин Өмнөд Солонгостой харилцах харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгсөн.

Гэвч 1990-ээд оны дунд үеэс эхлэн Сөүл ч тэр, Пёньяны ч  талаар “алслах” зарчим баримталж ирсэн. Хүйтэн дайнаас хойш буурсан Зүүн Ази дахь өөрийн нөлөөг Кремль дахин сэргээхийг эрмэлзэж байна. Ингэхийн тулд Москва БНАСАУ-тай харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай.

2016-2017 онуудад Пёньян цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Хойд Солонгосын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг Москва дэмжсэн. Гэсэн хэдий ч, хожим нь хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг уриалсан бөгөөд Оросын зарим компани эдгээр хориг арга хэмжээг зөрчин байж, Хойд Солонгост газрын тос нийлүүлдэг байв.

Бас нэг хүчин зүйл бол ОХУ Хойд Солонгосыг тус бүс нутаг, ялангуяа 28 мянган Америк цэрэг байрладаг Өмнөд Солонгос  дахь АНУ-ын цэргийн оролцооны эсрэг бамбай улс гэж үзэж ирсэн.

Гэхдээ, одоогийн байдлаар Орос улсад Ким Жон Ун, Дональд Трамп нар байнга шахуу цөмийн дайнаар бие биенийгээ заналхийлж, өдөөн турхирч байсан 2017 оны явдлыг сэргийлэх нь чухал байж болох юм.

Өнөөгийн нөхцөл байдлыг хадгалах нь гол зорилго. Энэ нь томоохон өөрчлөлтгүй, удааширсан сөргөлдөөн гэсэн үг гэж Австралийн үндэсний их сургуулийн шинжээч үзэж байна.

Тэгвэл Хойд Солонгосын хүсч байгаа зүйл нь юу вэ?

Ким Жон Ун мөн л олон зорилт тавьж байгаа. Юуны өмнө, хориг арга хэмжээний цохилтыг сааруулж, Трамп ерөнхийлөгчид нөлөөлөх хөшүүргийг нэмэгдүүлэх  эдийн засгийн тусламж авах нь чухал.

Энэ оны хоёрдугаар сард Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп томоохон гэрээ байгуулахыг санаархсан. Энэ дагуу Пёньян хориг арга хэмжээг цуцалсны хариуд цөмийн зэвсгээс бүрэн татгалзах үүрэг хүлээх ёстой байв. Хойд Солонгосын зүгээс асуудалд үе шаттайгаар хандах байр суурийг илэрхийлсэн. Хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалсны хариуд цөмийн гол объектуудын нэгийг татан буулгахыг санал болгосон билээ.

Магадгүй Путинтэй уулзсанаар Ким Жон Ун эдийн засгийн тусламж авах өөр хувилбар бий гэдгийг Трампт харуулахыг зорьж байж болох талтай. Гэхдээ ОХУ хэр их тусламж санал болгох нь тодорхойгүй байгаа. Учир нь Оросын эдийн засаг хүнд байгаагийн дээр тусламж үзүүлснээр хориг арга хэмжээг зөрчих аюултай. Оросын хэвлэлүүдэд бичсэнээр, Пёньян Оросын иргэний агаарын тээврийн онгоц худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байна. Гэтэл 2017 НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 2017 оны тогтоолоор Хойд Солонгост тээврийн хэрэгсэл худалдахыг хориглосон.

Эдийн засгийн тусламжаас гадна Ким Жон Ун шаардлагатай тохиолдол цэргийн дэмжлэг үзүүлэх баталгаа болон НҮБ-ын хүрээнд цаашид дэмжлэг үзүүлж байхыг Путинээс хүсч магадгүй.

Ямар ч тохиолдолд Путин цөмийн яриа хэлэлцээний талаар тооцоолж буй байр суурийг нь өөрчлөх хэмжээний зүйлийг Пёньянд санал болгохгүй л болов уу гэж Сөүлийн их сургуулийн профессор Ким Хён Кү үзэж байна.

Дотоод улс төрийн нөхцөл байдал нь Орос улсыг Зүүн Азийн хэрэгт гол анхаарлаа хандуулж чадахгүй гэдгийг илтгэж байна. Дээрээс нь ОХУ бүс нутгийн зөрчил үүсгэхийг хүсэхгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top