Ким Жон Ун хуягласан галт тэргээр Владивосток руу гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Кремль БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлах болсныг баталсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах хугацаа, газрыг тодруулаагүй байна.

Гаднын хэвлэлүүд хоёр улсын төрийн тэргүүн нар энэ сарын 13-нд Владивосток хотод уулзаж, зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж таамаглаж байна.

БНАСАУ-ын удирдагч бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 10-ны өдөр Пёньян хотоос тусгай галт тэргээр хөдөлсөн тухай “Солонгосын дуу хоолой” радио мэдээлжээ. “Dong-a Ilbo” хэвлэлийн мэдээллээр, Ким Жон Уны хуягласан галт тэрэг энэ сарын 12-нд Умард Солонгосын хилээр гарна. Түүний энэхүү айлчлал нь сүүлийн дөрвөн жилд хийж буй анхны гадаад айлчлал юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форумд оролцож байна.

БНАСАУ-ын удирдагчийг Гадаад хэргийн сайд Чхве Сон Хи, Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны цэргийн газрын хэлтсийн дарга Пак Чон Чхон, Цэргийн төв хорооны дэд дарга Ли Бён Чхоль зэрэг өндөр албан тушаалтнууд, цэргийнхэн өргөн бүрэлдэхүүнээр дагалдаж байна гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Энэ сарын 5-нд “New York Times” сонин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Орост айлчлахаар бэлдэж байгаа тухай анх эх сурвалж дурдан мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top