БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Ким Жон Ун, Владимир Путин нар Восточный сансрын буудалд хэлэлцээ хийлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагчийг Орост, тэр дундаа Восточный сансрын буудалд хүлээн авахад баяртай байгаагаа илэрхийлээд энэ салбар, энэхүү шинэ объект хөгжиж буйгаар бахархдаг гэжээ.
В.Путин “Та бидний уулзалт онцгой цаг үед болж байна. Саяхан БНАСАУ 75 жилийн ойгоо тэмдэглэсэн бол энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Орос улс БНАСАУ-ыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн анхны улс юм. Удахгүй Солонгосын дайн дуусаж, Солонгосын ард түмэн энэ дайнд ялсны 70 жилийн ой тохиох гэж байна. Энэ бол тэмдэглэлт ой. Учир нь Оросын ард түмэн БНАСАУ-ын анд нөхдөд тусгаар тогтнолоо олж авахад нь тусалж байсан” гэж хэлэлцээний эхэнд онцолжээ.
Тэрбээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Ким Жон Ун түүний энэ айлчлал нь чухал цаг үед болж буйг онцлоод өөрийн нүдээр Оросын сансрын гүрэн болох үйл хэргийн одоо болон ирээдүйг харах боломж олгосонд талархал илэрхийлжээ. ЗХУ Солонгосын тусгаар тогтноход маш том үүрэг гүйцэтгэсэн. Хоёр улсын нөхөрлөл гүн гүнзгий үндэс улбаатай. БНАСАУ-ын хувьд Оростой харилцах харилцааг тэргүүлэх зэрэгт тавьж байна. Энэхүү уулзалт хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах мөч байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ким Жон Ун “Орос улс их гүрнүүдийн дээрэнгүй хүчний эсрэг зоuсон, өөрийн тусгаар, аюулгүй байдлын төлөө ариун тулаанд ороод байна. Бид Ерөнхийлөгч Путин болон ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийг үргэлж дэмжсээр ирсэн. Бид империализмын эсрэг тэмцэлд үргэлж хамтдаа зогсож, тусгаар улсаа цогцлоон хөгжүүлэхийн төлөө хамтдаа байна гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
Нэг цаг гаруй үргэлжилсэн өргөтгөсөн хэлэлцээ өндөрлөсний дараа Ким Жон Ун, В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песковын мэдэгдсэнээр, хоёр улсын удирдагчид ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй гэжээ.
Стратегийн харилцаг илэрхийлсэн айлчлал
Ким Жон Ун ОХУ-д хийж буй айлчлалаа тус хоёр улсын стратегийн харилцааны илэрхийлэл хэмээн тодорхойлсныг Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлсэн билээ. Тэрбээр Приморын хязгаарын Хасан төмөр замын буудалд хүрэлцэн ирсэн даруйдаа ийн мэдэгдсэн байна.
Тэрбээр дөрвөн жилийн дараа ОХУ-д дахин айлчлахад баяртай буйгаа илэрхийлээд энэхүү айлчлалаа дэлхийн эрүүл мэндийн салбарт үүссэн нийгмийн хямралын дараа хийж буй анхны гадаад айлчлал гэж тодотгожээ.
“Ангара” цогцолбортой танилцав
Ким Жон Ун, В.Путин нар “Союз 2” төрлийн пуужин хөөргөх цогцолбор болон “Ангара” цогцолборын барилга угсралтын ажилтай танилцав.
Цогцолборын онцлогийн талаар “Роскосмос” корпорацын тэргүүн Юрий Борисов Газар дээрх сансрын дэд бүтцийг ашиглах төвийн ерөнхий захирал Николай Нестерчук нар танилцуулжээ.
Оросын сансар судлалыг үндэслэгч С.П.Королевын тогтоосон уламжлал ёсоор пуужинг цагийн зүүний эсрэг тойрдог гэж Борисов тайлбарлав.
Восточный сансрын буудалд шинэ технологи, тэр дундаа Орост цорын ганц үйлчилгээний явуулын цамхгийг ашигладаг байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар энэхүү цогцолбор хэрхэн ажилладаг тухай дэлгэрэнгүй танилцуулжээ.
Үүний дараа В.Путин, Ким Жон Ун нар “Ангара” пуужин хөөргөх цогцолборын барилгын талбайд зочилсон байна. 2019 онд эхэлсэн барилгын ажил дуусах шатандаа оржээ.
Талууд шударга ёсны төлөө тэмцэнэ
БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тогтвортой, ирээдүйг харсан харилцааг хөгжүүлж, үүн дээр үндэслэн хүчтэй улсуудыг байгуулан, олон улсын шударга ёсны төлөө тэмцэхэд бэлэн гэж хүндэтгэлийн зоогийн үеэр мэдэгджээ.
Тэрбээр хоёр улсын хооронд бат бөх стратегийн хамтын ажиллагаа бүрэлдэн тогтоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд энэхүү айлчлал нь Солонгос, Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн хамтын ажиллагааны харилцаа болгон хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ким Жон Ун Оросын арми, ард түмэн ноёрхлоо тогтоох гэсэн хорон муу санааг ялна гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Тэрбээр В.Путинтай мөн Солонгосын хойг болон Европ дахь цэрэг, улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцсэн тухай мэдэгджээ.
Олон улсын байр суурь
АНУ-ын засаг захиргаа Ким Жон Уны айлчлалтай холбогдуулан Москва, Пёньяны цэрэг, техникийн салбарын хамтын ажиллагааны эсрэг чиглэсэн арга хэмжээ авахад бэлэн гэдгээ дахин илэрхийлэв. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдэгдсэнээр, Умард Солонгосын зүгээс Орост зэвсэг нийлүүлбэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчинө. Айлчлалыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээг шийдэмгий авах болно гэж тэрбээр онцолсон байна.
БНСУ-ын зүгээс Москва, Пёньян хоёр зэвсгийн худалдаа болон технологи шилжүүлэх асуудлыг хэлэлцэхийг анхааралтай ажиглаж байна гэж БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чон Ха Гю мэдэгджээ.
Японы эрх баригчид БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Орост хийж буй айлчлалтай холбоотой мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийж байна гэж Японы сайд Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгджээ. Японы зүгээс Умард Солонгосын тойрсон нөхцөл байдлыг ихээхэн анхаардаг гэж тэрбээр тодруулсан байна. БНАСАУ олон улсын хориг арга хэмжээнд орсон байгаа ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу тус улсад аливаа зэвсэг, сэлбэг хэрэгслийг нийлүүлэхийг бүрэн хориглосон байгаа гэж Мацүно онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )