Стратегийн иж бүрэн ТҮНШЛЭЛ ба Путин, Ким Жон Уны УУЛЗАЛТ

2024 оны 06 сарын 20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзлаа. В.Путины айлчлалын хүрээнд түүнийг албан ёсоор угтан авах ёслолын ажиллагаа өчигдөр Хойд Солонгосын нийслэл Пеньян дахь Ким Ир Сений талбайд боллоо. Владимир Путин Пеньянд шөнө очиж, Ким Жон Ун ёслол төгөлдөр угтан авчээ. Энэ нь 24 жилийн дараа Кремлийн удирдагч БНАСАУ-д хийж байгаа айлчлал юм. В.Путины Солонгосын хойгийн хойд хэсэгт айлчлахдаа хийсэн гол мэдэгдлүүдийг хэвлэлүүд ийнхүү тоймложээ.

Холын түншлэл

Бүхэлдээ Кремль, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт цаг хагасаас илүү үргэлжилж “Москва болон БНАСАУ-ын харилцаа шинэ цэцэглэлтийн үедээ явж байна” хэмээн Ким Жон Ун тодорхойлсон байна. Тэрбээр мөн дэлхий дахинд стратегийн тэнцвэрийг дэмжих Оросын үүргийг онцолжээ. Путин Ким Жон Унтай уулзахдаа Кремль, Пеньяны хоорондын харилцааны шинэ суурь баримт бичгийн талаар ярьж “БНАСАУ-ын удирдагчийн өнгөрсөн жил Орост хийсэн айлчлалын үеэр манай хоёр улсын харилцаа холбооны гол алхмуудыг хийсэн” гэжээ. “Өнөөдөр холын ирээдүйн шинэ суурь баримт бичгийг бэлтгэж байна” хэмээн тэд онцолжээ.

Дараагийн уулзалт

Владимир Путин БНАСАУ-ын Ерөнхийлөгчтэй хийх дараагийн уулзалт ОХУ-д, тэр дундаа Москвад болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Кремлийн хэвлэлийн албанаас “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны урилгаар тус улсад найрсаг төрийн айлчлал хийнэ” гэж мэдээлсэн байв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн онгоц Пеньянд шөнийн 03:00 цагийн орчимд газардсан ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр угтаж авсан.

В.Путин хамгийн сүүлд 2000 онд Пеньянд айлчилж, одоогийн удирдагчийн аав Ким Жон Илтэй уулзаж байв. Путины айлчлал есөн цагийн шахуу төлөвлөгөөтэй үргэлжиллээ. В.Путин, Ким Жон Ун нар өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Алс Дорнодын бүс нутагт уулзаж байсан юм. Тус уулзалтын дараа Украины дайнд ашиглах зорилготой их хэмжээний зэр зэвсгийг Хойд Солонгосоос ОХУ-д нийлүүлсэн гэж АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид үздэг. Харин ОХУ, БНАСАУ хоёр аль аль нь үүнийг няцааж буй.

Стратегийн иж бүрэн түншлэл

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр ОХУ, БНАСАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ийм гэрээ байгуулах шаардлага нь дэлхийн нөхцөл байдлын гүн гүнзгий хувьсалтай холбоотой гэнэ. Мөн “Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч байгаатай холбоотойгоор шинэ гэрээг байгуулж байна. Тус баримт бичиг Зүүн хойд Ази дахь тогтвортой байдлыг хангах зорилготой” гэв. Ким Жон Ун, В.Путин нарын өргөтгөсөн хэлэлцээ цаг хагас үргэлжилжээ.

Улс орнууд найрамдал, эв нэгдлийг бэхжүүлж чадвал аливаа түрэмгийлэл бүтэлгүйтдэгийг Орос, БНАСАУ-ын түүх нотолж байна гэж БНАСАУ-ын хэвлэлүүд бичжээ. Хоёр орон нөхөрлөл, эв нэгдлийн уламжлалыг сахин хамгаалж, түүнийг тасралтгүй бэхжүүлсээр байх аж. Олон улсын тавцанд империалистуудын түрэмгий ажиллагаа, цэргийн явуулга, албадлага урьд өмнөхөөсөө илүү хурцдаж байгаа энэ үед Орос, БНАСАУ-ын найрамдал онцгой хурдаар бэхжиж байна хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлсэн бол Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд “Владимир Путин БНАСАУ-д айлчилсныхаа дараа зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн урилгаар Вьетнамд айлчилна” гэлээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Путин Ханойд Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Фам Минь Тин, Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман нартай уулзах бөгөөд Орос, Вьетнамын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Яриа хэлэлцээний дараа хоёр тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top