ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт өчигдөр Владивостокт болж өндөрлөлөө. Русский аралд болсон уулзалтад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байв. Путин, Ким Жон Ун нарын хэлэлцээр 3 цаг 30 минут үргэлжилжээ. Тэдний ганцаарчилсан уулзалт нь хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Үүний дараа хэлэлцээр өргөтгөсөн байдлаар үргэлжилж, Владимир Путин “Ким Жон Унтай хийсэн хэлэлцээр дэлгэрэнгүй болсон” гэжээ. Талууд хоёр талын харилцаа холбоог хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ХОЁР ДАХИН УРТ ҮРГЭЛЖЛЭВ
Түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа хоёр улсын удирдагч удаанаар гар барилцан, бие биедээ амжилт хүсч тэвэрсэн юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг машин хүртэл нь гаргаж өгсөн. Тэдний ганцаарчилсан уулзалт төлөвлөж байсан хугацаанаас хоёр дахин урт буюу хоёр цаг орчим үргэлжилсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
БНАСАУ-ын талаас хэлэлцээнд тус улсын Гадаад хэргийн сайд И Ён Хо болон Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи оролцсон бол ОХУ-ыг төлөөлөн Гадаад хэргийн сайд Сергей Лавров, шадар сайд, Алс Дорнодын Холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев, Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Ерөнхийлөгчийн олон улсын хэрэг эрхэлсэн туслах Юрий Ушаков, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора, Тээврийн сайд Евгений Дитрих, Алс Дорнод, Арктикийн асуудал эрхэлсэн сайд Александр Козлов, Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский, “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал Олег Белозеров нар оролцсон байна.
БНАСАУ болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалтаар талууд хоёр улсын харилцааг сайжруулах амлалт өгчээ.
ПУТИН: АСУУДЛЫГ ЭНХ ТАЙВНААР ШИЙДЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ
ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг энх тайван замаар шийдэхээс өөр гарц байхгүй” гэжээ.
Тэрбээр мөн ОХУ Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хамтарч ажиллахад бэлэн гэдгийг онцлов. Путин “Хүчээ нэгтгэж чадвал том чулууг хөдөлгөж чадна” гэсэн солонгос хэлцийг иш татсан байна.
Тэд ганцаарчилсан уулзалт хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Унд хандан “Таныг Орост харахад их таатай байна. Эцэг тань хоёр орны хоорондын найрамдлын гэрээг санаачилж, үзэглэж байсан. Таны айлчлал ч гэсэн хоёр орны харилцааг хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудлыг ямар замаар шийдэх талаар хэлэлцсэн, эерэг уулзалт болно гэж бодож байна” гэв. Тэрбээр мөн “Хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлж, Хойд Солонгос, АНУ-ын харилцааг зөөлрүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг тань үнэлж байна. Мэдээж худалдаа, эдийн засгийн харилцаа холбоо тогтоох, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд олон зүйлийг хийх хэрэгтэй байгаа” гэсэн юм.
“ТӨГС УУЛЗАЛТ”
Путин уулзалтыг “төгс” боллоо гэж дүгнэв. Тэгвэл Ким Жон Ун ОХУ-ыг “нөхөрсөг агуу хөрш” гэлээ. Тэрбээр Путинтай хаалттай хаалганы цаана хийсэн уулзалтыг маш таатай болсон гэж тодотгожээ.
Путин Кимд хандан “Таны ОХУ-д хийж буй айлчлал Солонгосын хойгийн нөхцөл байдлыг яаж зохицуулах, энэ чиглэлд ахиц дэвшил гаргахад ОХУ ямар дэмжлэг үзүүлэхийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол Ким Жон Ун “Энэ уулзалт нь олон жилийн түүхтэй, найрамдалт харилцаатай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэсэн билээ. Тэрбээр дээд хэмжээний уулзалтад урьсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлсэн. Мөн “Өнгөрсөн жил Оросын ард түмэн таныг дахин Ерөнхийлөгчөөр сонгосонд биечлэн баяр хүргэе. Бидний яриа хэлэлцээ чухал үйл явдал болно гэж бодож байна” гэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Унтай нүүр тулан уулзахдаа хэлэлцсэн сэдвүүдийнхээ талаар ярихдаа “Бид сая хангалттай дэлгэрэнгүй яриа өрнүүллээ” гэснээс нь харахад ганцаарчилсан уулзалт үр дүнтэй болсон бололтой. Ким Жон Ун ч “Бидний яриа хэлэлцээ үр бүтээлтэй эхэлсэн шигээ цаашид ч сайхнаар үргэлжилнэ” гэжээ. Путин Кимийн эцгийг Владивостокт 2002 онд хүлээн авч байснаа дурдаад “ОХУ түүнд үргэлж хүндэтгэлтэй хандаж байсан” гэсэн аж.
БУСАД ОРНУУД ЮУ ГЭВ?
Хятадын Гадаад хэргийн яам Путин, Ким нарын уулзалт Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зөөлрүүлнэ гэж дүгнэсэн бол Япон улс уулзалтыг эртнээс анхааралтай ажиглаж байгаа талаар тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдэж байсан. Тэрбээр “Хойд Солонгостой холбоотой үйл явдлуудад бид анхаарал хандуулж ирсэн. Байдлыг ажиглаж, дүн шинжилгээ хийдэг. Гэхдээ бид уулзалтын үр дүнгийн талаар таамаглал дэвшүүлэхгүй” гэжээ. Японы эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд АНУ, БНСУ, БНХАУ болон ОХУ-тай нягт хамтран ажиллахаар төлөвлөж буй.
Тэгвэл БНСУ энэхүү уулзалтыг ерөнхийдөө Хойд Солонгос боломжит холбоотнуудтай яриа хэлэлцээ хийх болон пуужин турших бэлтгэлээ сэргээх аргаар АНУ-ын анхаарлыг татаж байгаа гэж дүгнэжээ. Ким Жон Ун Вашингтоныг хэлэлцээрийн ширээний ард эргүүлэн авчрахыг хүсч байгаа аж. Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн судлаач Пак Ён Ян ярихдаа “Хойд Солонгосын стратеги бол дэлхийн их гүрнүүдийн хооронд зөрчилдөөн үүсгэх. Иймээс ОХУ-тай яриа хэлэлцээ хийх нь БНАСАУ-ын хувьд Хятад болон АНУ-ын эсрэг тоглоом юм” гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын талаарх хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Өнөөдрийн уулзалтын талаарх мэдээллийг БНХАУ-д дамжуулна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Үхэж байхдаа таарсан төрийн дайсан Ц..Элбэгдорж ийм эх орноо гэсэн сэтгэлтэй байсан бол Их Монгол улс маань энэ 20-30 жилд улс шиг улс байхгүй юу . Хараал идсэн Цахиагийн хүү Элбэгдорж 9 үеээрээ үхэж далд ор.
Яах аргагүй дэлхийн шилдэгүүддээ дахиж ийм удирдөгчид 10000 жилд төрнө гэж ванга хэлсэн гэсэн хоёулаа хөөрхөн коммунист даа Муу сайн юмнууд л дарангуйлагч гэдгийм ёстой тийм юм байхгүй