“The New York Times” сонины эх сурвалжууд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчлахаар бэлдэж буй тухай мэдээлжээ. Айлчлалыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Оросын ч тэр Умард Солонгосын ч тэр эрх баригчид албан ёсоор мэдэгдээгүй байна.
Тус сонины мэдээллээр, Ким Жон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны асуудал, тэр дундаа зэвсэг нийлүүлэх тухай хэлэлцэж магадгүй гэж таамаглаж байна.
Тус хэвлэлийн эх сурвалжуудын мэдээллээр, тус хоёр улсын төрийн тэргүүн нар Украин дахь цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхэд шаардлагатай их хэмжээний зэвсэг ОХУ-д нийлүүлэх боломж болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны бусад хэлбэрийг хэлэлцэнэ.
Умард Солонгосын удирдагч Пёньян хотоос хуягласан галт тэргээр Оросын Владивосток хотноо Кремлийн тэргүүнтэй уулзана гэж таамаглаж байна. Айлчлалыг энэ сарын 10-13-ны хооронд Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. “The New York Times” сонины эх сурвалжууд Умард Солонгосын удирдагч Москвад очихыг үгүйсгээгүй байна.
Айлчлалын талаар
“The New York Times” сонинд бичсэнээр, В.Путин Ки Жон Унтай Орост их бууны сум болон танк эсэргүүцэгч пуужин нийлүүлэх тухай тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаа бол Ким Жон Уны зүгээс хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоцны дэвшилтэт технологийг сонирхож байна. Пёньян мөн хүнсний нийлүүлэлтийн талаар хэлэлцэхээр зорьж байгаа аж. Үүний сацуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн БНАСАУ-д өнгөрсөн долоодугаар сард хийсэн айлчлалын үеэр ярилцсан Орос, Умард Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын талаар хөндөж магадгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Умард Солонгосын 20 орчим албан тушаалтнаас бүрдсэн төлөөлөгчид, тэр дундаа дээд удирдлагын аюулгүй байдлын протоколыг хариуцсан албаны хүмүүс Пёньянаас Владивостокт галт тэргээр очиж, тэндээсээ Москва руу ниссэн гэх баримт Владимир Путин, Ким Жон Уны ирэх уулзалтыг баталж байна гэж “The New York Times” сонинд онцолжээ. БНАСАУ-ын удирдагчийн аяллын маршрутыг тодорхойлох ажил есөн хоног үргэлжилсэн гэнэ.
Ким Жон Ун “Восточный” сансрын нисэх буудалд зочилно гэсэн хүлээлт байна. “Восточный” сансрын нисэх буудалд В.Путин, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нарын уулзалт жилийн өмнө болж байсан билээ.
Наймдугаар сарын 30-нд Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби тагнуулын мэдээллийг дурдан, Москва, Пёньяны хооронд цэргийн хамтын ажиллагааны талаарх яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгаа тухай анхааруулж байв. Цагаан ордон мөн тагнуулын мэдээлэлд үндэслэн Путин, Ким нар зэвсэг нийлүүлэх тухай гэрээ байгуулах талаар захидал солилцсон хэмээн мэдэгдсэн юм.
Ким Жон Ун Оросын Владивосток хотод айлчлах тухай мэдээллийн талаар Цагаан ордон албан ёсоор тайлбар хийгээгүй ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Эдриен Уотсон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Умард Солонгост хийсэн айлчлалын талаар илэрхийлж байсан. Тэрбээр “Орос, Умард Солонгос хоёр зэвсэг нийлүүлэх тухай яриа хэлэлцээгээ идэвхжүүлж байгаа тухай өмнө нь хэвлэлүүдээр дамжуулан анхааруулж байсан. Ким Жон Ун яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг зорьж байгаа тухай мэдээлэл АНУ-ын эрх баригчдад бий” гээд БНАСАУ-д хандан Оростой зэвсгийн тухай яриа хэлэлцээ хийхээ зогсоохыг уриалсан.
С.Шойгугийн БНАСАУ-д хийсэн айлчлал
Сергей Шойгу Солонгосын дайн төгссөний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох зорилгоор Пёньянд өнгөрсөн долоодугаар сард айлчилсан билээ.
Айлчлалынхаа хүрээнд С.Шойгу Умард Солонгосын зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэнг үзэж сонирхон, БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Кан Сун Намтай хэлэлцээ хийжээ. Талууд хоёр улсын цэргийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Сергей Шойгу мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хоёр талын харилцан сонирхсон үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын асуудал, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар санал солилцсон тухай “Солонгосын дуу хоолой” мэдээлж байв. Уулзалтын үеэр Шойгу В.Путины илгээлтийг дамжуулсан.
С.Шойгугийн БНАСАУ-д хийсэн айлчлал нь ЗХУ задран унаснаас хойш Оросын батлан хамгаалах яамны тэргүүний тус улсад хийсэн анхны айлчлал юм.
АНУ-ын мэдэгдлүүд
Өнгөрсөн онд Вашингтон Оросын цэргүүдэд зэр зэвсэг нийлүүлж байна гэж Пёньяныг буруутгаж байв. Умард Солонгос “Вагнер” хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдэд зэвсэг нийлүүлсэн ба нийлүүлэлтээ Ойрх Дорнод болон Хойд Америкаар дамжуулан үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ мэдэгдсэн.
БНАСАУ-ын Гадаад хэргийн яам эдгээр мэдэгдлийг няцааж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан Украинд янз бүрийн зэвсэгтэй орж, сүйрэл дагуулж байгаа АНУ-ын үйлдэлд анхаарлаа хандуулахыг уриалж байсан юм.
Оросын эрх баригчид мөн л Умард Солонгос зэвсэг нийлүүлж байгаа гэх хардлагыг нэг бус удаа үгүйсгэж байв. Өнгөрсөн оны намар ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Умард Солонгос Орост зэвсэг нийлүүлж байгааг нотлох баримтаа танилцуулах эсвэл хуурамч мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрөхийг уриалж байв.
Хожим нь НҮБ БНАСАУ Орост зэвсэг нийлүүлж болзошгүй гэх мэдээлэл батлагдаагүй гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Тэнэг сда вэ? Сансрын нисэх буудлыг өөрөөр юу гэх гээд байгаа эргүү ац вэ?
САНСРЫН НИСЭХ БУУДАЛ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БОЛООО?????? ОРЧУУЛАГЧ ГУАЙ МОНГОЛ ХЭЛЭЭ СУРАА. ТӨРЛӨХ ХЭЛЭЭ СУРААГҮЙ БАЙЖ ГАДНЫ ХЭЛ СУРЧ МЭДНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮҮҮ ОЛОН УДАА БИЧИЖ БАЙНА ДАА!!!!!!!