Францын сургууль сурагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд 15 хонь элсүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Францын Кретс-ан-Белльдон хотын бага сургууль сурагчдын нэрсийн жагсаалтад 15 хонь оруулсан тухай Le Parisien сонинд бичжээ.

3.3 мянган хүн амтай жижиг хотын сургуулийн сурагчдын тоо 266-аас 261 хүртэл цөөрсөн тул нийт ангийн тоог 11-ээс арав болгон цөөлөх тухай мэдэгдэл ирсэн байна. Эцэг эхчүүд ангийн тоог цөөлснөөр, нэг ангид ногдох сурагчдын тоо нэмэгдэж, сургалтын чанарт муугаар нөлөөлнө хэмээн энэ шийдвэрийг эсэргүүцсэн байна.

Мягмар гарагийн өглөө орон нутгийн цагаар 08.00 цагт нутгийн хоньчин Мишель Жирр 65 толгой хонин сүргийг сургуулийн гадаа тууж авчирчээ. Сургуулийн үүдэнд эцэг эхчүүд болон сурагчид “Бид хонь биш. Сургууль удирдах нь хонь маллана гэсэн үг биш” гэсэн үг бүхий зурагт хуудас барин угтсан байна.

Тус хотын захирагч Жан-Луи Марэ жагсагчдын талд орж, сурагчдын жагсаалтад 15 хонийг албан ёсоор бүртгэхэд нь гэрчээр оролцсон байна. Бүх зүйлийг дүрмийн дагуу хийхийн тулд хоньчин тэдгээр хонины гэрчилгээг хүртэл авчирсан байсан гэнэ. Ингэснээр Францын боловсролын системд 15 хонийг элсүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top