Трамп үндэсний хэмжээний онц байдал зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын компьютерын сүлжээг “гадны дайснаас” хамгаалах үүднээс үндэсний хэмжээний онц байдал зарлажээ.

Тэрбээр АНУ-ын компаниудыг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гадны харилцаа холбооны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхийг хориглосон зарлигт гарын үсэг зурсан байна.

Зарлигт компаниудын нэрийг тодорхой заагаагүй ч “Huawei”  компанийг онилж байна гэж хэвлэлүүд бичжээ. Түүнчлэн, АНУ-ын худалдааны сайдад үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй аливаа гүйлгээг цуцлах эрхийг олгосон байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын худалдааны яам “Huawei”-г “Онцгой хуулийн этгээдийн жагсаалтад” буюу хар дансанд оруулжээ. Ингэснээр “Huawei” компани АНУ-ын компаниудаас технологи худалдан авахдаа тус улсын Засгийн газраас заавал зөвшөөрөл авах ёстой болж байна. Хятадын технологийн тэргүүлэгч компани АНУ-д тус компанийн бизнесийг хязгаарласнаар зөвхөн Америкийн хэрэглэгч, компаниуд л хохирно гэж мэдэгджээ. “Huawei” компанийн бизнесийг хязгаарласнаар АНУ илүү аюулгүй, илүү хүчтэй болохгүй. Харин эсрэгээр АНУ-д чанар муутай, өндөр үнэтэй хувилбаруудаас сонголт хийхээс өөр аргагүйд хүрч, шинэ үеийн 5G сүлжээнээс хоцрогдох болно. Энэ нь эцсийн дүндээ АНУ-ын хэрэглэгч, компаниудад л хохиролтой гэж мэдэгджээ. АНУ-аас гадна хэд хэдэн орон Хятадыг “Huawei” бүтээгдэхүүнүүдийг ашиглан тагнах ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байгаа билээ.

Ажиглагчид энэхүү алхмыг АНУ, БНХАУ-ын хооронд хурцдаад буй худалдааны дайныг улам хурцатгана гэж үзэж байна. “Huawei” компани тус хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны дайны голомтод ороод байгаа юм.

АНУ-ын холбооны агентлагуудыг “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг аль хэдийн хориглоод байгаа бол Австрали, Шинэ Зеланд тус компанийн бүтээгдэхүүнийг 5G үүрэн утасны сүлжээнд ашиглахыг мөн хязгаарлаад байна.

 

 


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(77.7.52.136) 2019 оны 05 сарын 17

teneg trump

1  |  0
Top