Канад “Huawei” компанийн 5G төхөөрөмжийг нэвтрүүлэхийг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Канадын Засгийн газар үүрэн холбооны тав дахь үеийн 5G системийн нэвтрүүлэхдээ Хятадын “Huawei” болон “ZTE” компанийн технологийг тус улсад ашиглахыг хориглохоор зэхэж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл Канадын харилцаа холбооны компаниудад Хятадын компаниудаас 5G төхөөрөмж худалдан авахыг хориглох гэнэ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэ асуудлыг судалж буй талаар нэг бус удаа мэдэгдэж байсан ч Канадын хамгийн том харилцаа холбооны “Bell Canada” компани Шведийн “Ericsson” компанийн 5G төхөөрөмжийг худалдан авахаар болсон тухай зарласан билээ.

Канадын харилцаа холбооны компаниуд “Huawei” компанийн 4G / LTE төхөөрөмж худалдан авахад нийт 546 сая ам.доллар зарцуулж байжээ.

“Таван Нүд” сүлжээний бусад дөрвөн улс болох АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд Хятадын компанийн тоног төхөөрөмжийг хэдийнээ хориглоод байгаа юм. Шалтгааныг нь аюулгүй байдлын асуудалтай холбон тайлбарладаг. Олон жилийн турш “Huawei”-н 5G төхөөрөмжөөс татгалзахыг шаардсан холбоотнуудын зүгээс шахалтад орсон Канад улс 2018 онд энэ асуудлыг судлах талаар мэдэгдэж байв. Гэвч энэхүү шийдвэр нь “Huawei” компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Мен Ванжоу АНУ-ын хүсэлтээр Канадад баривчлагдсанаас үүдэн хойшлогдож байв. Үүний хариу мэт Хятад улс Канадыг хоёр иргэнийг мөн баривчилж байсан. Удаан үргэлжилсэн маргаан Бритиш Коламбиагийн шүүх Менийг суллах шийдвэр гаргаснаар дуусгавар болсон билээ. Хятад улс үүнээс хэдхэн цагийн дараа Канадыг хоёр иргэнийг мөн суллаж байсан юм.

Пүрэв гарагт гаргасан дээрх шийдвэр хоёр улсын харилцаанд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Хятадын Засгийн газар өмнө нь харилцаа холбооны дэд бүтцэд хориг тавивал хариу арга хэмжээ авна хэмээн сануулж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top