Дэлхийн эдийн засгийн даяарших үйл явц уламжлалт мэдлэгт суурилсан эдийн засгаас хөгжлийн шинэ үе болох хиймэл оюун ухаан болон бусад тоонд суурилсан технологийн эрин үе рүү шилжиж байна. Үүнийг дагаад зах зээл дээр, технологийн салбарт тэргүүлэгч байх гэдэг ухагдахуун бүрэн өөрчлөгдөнө.
Энэхүү үл үзэгдэгч тулааны талбарт Хятад улс удаан хугацаанд идэвхтэй, бүр олон ажиглагчдын дургүйг хүргэмээр идэвхтэй тоглогч нь байсаар ирсэн. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагч, тоон технологийг нутагшуулагч, дэлхийн нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй нийт компаниудын гуравны нэгийг агуулдаг Хятад улс инновац, бизнесийн хүрээ, хязгаарыг тэлж, дэлхий дээр тэргүүлэх байр суурийг эзлэхээр дайрч байна гэж McKinsey Global хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Тухайлбал, Хятад улс ухаалаг утсаар хийж буй төлбөр тооцооны тал дээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд технологи ашиглан хийж буй гүйлгээний хэмжээ нь АНУ-ынхтай харьцуулбал 11 дахин их байна. Хэдийгээр АНУ дэлхийн технологийн салбарт давамгайлсан байр суурь эзэлж буй ч бусад салбарт Хятад улс эрчимтэй нэхэж байгаа. Бусад интернет компаниудтай хамтран Huawei тус улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн үед гаднын анхааралд хамгийн их өртөх болсон. Сүүлийн хэдхэн жилийн дотор үлэмж хэмжээгээр хөгжсөн Huawei нь Forbes сэтгүүлээс гаргасан 2018 оны Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндийн жагсаалтад орсон цорын ганц Хятадын компани юм. АНУ-ын Boston Consulting Group-ээс гаргасан 2019 оны хамгийн шинэчлэгч компаниудын жагсаалтад 48-р байранд эрэмбэлэгдсэн. Хэдийгээр Huawei компани Apple, Samsung компаниудын араас нэхэж буй ч түүний бүтээгдэхүүний ч тэр, менежментийн ч тал дээр үзүүлж буй тогтвортой өсөлт нүдэнд илт. Тухайлбал, Huawei технологийн инновац нь үүрэн утас болон харилцаа холбооны салбарт бүрэн чадварыг нь илтгэж байна. Тодорхой улс орнууд үндэсний аюулгүй байдал, хувийн нууцын асуудал тавьдаг ч тус компанийн дэвшил дэлхий даяар түүний нэр хүндийг өргөж, маш олон тооны хувьцаа эзэмшигчдийн дэмжлэг, итгэлийг аваад байна. Энэ нь судалгаа, хөгжүүлэлттэй холбоотой салбарт асар их хэмжээний хөрөнгө цацдагтай нь ихээхэн холбоотой. Тус компанийн 2018 оны жилийн тайлангаас үзвэл Huawei борлуулалтын нийт орлогынхоо 10-аас дээш хувийг судалгаа, хөгжүүлэлтэд оруулдаг бөгөөд нийт ажилтнуудын 45 хувь буюу 8000 хүн зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн салбарт ажиллаж байна. Энэ чиглэлд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг жилээс жилд 13.2 хувиар нэмэгдүүлснээр Huawei чанар болон үр ашгийн түвшинг ахиулахын сацуу шаардлагагүй зардлаа багасгаж байна. Энэ нь эргээд тус компанийн ашгийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Нийт 66 орны 182 холбогдох компаниудтай туршилт хийж, Европын найман улсын провайдер компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан дэлхий даяар, ялангуяа Европт 5G сүлжээний дэд бүтцийг бий болгох санал тавьсан.
Судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулж буй хөрөнгө ихээхэн ач холбогдолтой ч цорын ганц чухал хүчин зүйл биш юм. Үнэхээр боловсронгуй менежмент, бүтэц зохион байгуулалтын оновчтой хувилбар Huawei компанийг ойрын ирээдүйд дэлхийн технологийн тэргүүлэгч болоход нь түлхэц үзүүлнэ.
Өндөр хурдтай, дэлхийн хаана ч хэрэглэгддэг гэдгээрээ алдартай үүлэн технологийн шийдэл зэрэг үндсэн бизнесийн үйлчилгээнээс гадна Huawei компанийн өмчлөлийн шинэ бүтэц, засаглалын систем нь тус компанийн давуу чанар бөгөөд үүнийг нь төрийн өмчит компаниуд суралцах хэрэгтэй. Тус компанийг ажилтнууд нь эзэмшдэг нь өнгөрсөн гучин жилд тогтмол хөгжиж ирснийх нь гол нууц. Энэхүү “хувьцаа эзэмшигч ажилтнууд” механизмын ачаар тус компани бие даасан байдлаа хангаж, ажилтнууд нь үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлдэг. Үүнээс гадна уламжлалт босоо удирдлагын зарчмыг мөн амжилттай хөгжүүлснээр хувьцаа эзэмшигч ажилтнууд компанийн үйл ажиллагааг хянах боломжтой болжээ.
Гэсэн хэдий ч Huawei компанид сул тал бий. Барууны өрсөлдөгчдийг гүйцэхийн тулд маш их зүйл хийх хэрэгтэй. Тухайлбал, тус компани гадаад зах зээлд хүрээгээ тэлэх зорилгоор олон улсын менежментийг нэвтрүүлэх шаардлагатай. Европын Холбоонд хөрөнгө оруулах замд нь саад тотгор учирч, улс төрийн асуудлуудтай тус компани нүүр тулж байгаа. Дэлхийн зах зээлийн орчин, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой хүндрэлүүдийг таван туулахын тулд тус компани олон улсын эрх зүй, оюуны өмч, гадаад харилцаа, стратегийн зөвлөгөө, хэлэлцээ хийх чадвар зэрэг олон чиглэлээр мэргэшсэн баг бүрдүүлж, компанийг олон улсын шинж чанартай болох явцыг түргэсгэх шаардлагатай.
Дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалаар дэвшилтэт технологи хүч түрэн орж ирэхийн хэрээр дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл Хятад руу чиглэж, энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж байна. Үүнтэй зэрэгцэн тоон шинэчлэл аливаа саадыг үгүй хийж, салбар хоорондын хамтын ажиллагаа тун удахгүй энгийн зүйл болно. Энэ салбарын тэргүүн эгнээд явж буй Huawei компани боломж, эрсдэл хоёртой зэрэг нүүр тулж байдаг. Олон улсын зах зээлд нэвтрэхэд учрах саад бэрхшээл, худалдаан дахь ялгаварлан гадуурхах үзэл, техникийн стандарт зэрэг нь тус компанийн дэлхийн зах зээлд ноёрхох стратегид гарч буй гол сорилт. Гэсэн хэдий ч ирээдүйд технологийн салбарын хөгжлийн замыг тавих маш их боломж Huawei компанид бий. Тэр оргилд хүрэхийн тулд Huawei компани урт зам туулах болно.
Сэтгэгдэл ( 1 )
XUJAA NARIIG MAGTAN DUULJ XANAXGUI YUM DAA. GETEL ENE COMPANY-NII TSAAD ZORILGIIG MEDCHIXSEN SHAR AX NAR ULSDAA NUTAGSHUULAXGUI GEED ESERGUUTSEED BAIDAG. MONGOL ULS XEZEE TUSGAAR ULSIIN DAITAI BIE DAASAN, UURIIN GESEN UZEL BODOL, ITGEL UNEMSHILTEI BOLOX YUM BE??? GADNIIXNIIG MAGTAXAASAA ILUU UURSDUU BUTEEN BAIGUULJ, BIE BIENEE DEMJVEL ZUGEERSEN. GUTMAAR YUM...