Британи Японоос 5G сүлжээ байгуулахад нь туслахыг хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 19

Их Британийн Засгийн газар Хятадын “Huawei” корпорацын төхөөрөмж хэрэглэхээс татгалзсаныхаа дараа Япон улсад хандан харилцаа холбооны 5G сүлжээг байгуулахад нь туслах хүсэлт тавьжээ.

Японы “Nikkei” сонины мэдээлснээр, энэ асуудлаар Их Британи, Японы холбогдох сайд нар зөвлөгөө хийсэн байна. Ингэхдээ Японы “NEC”, “Fujitsu” компаниудад энэ ажлыг даалгах аж. Өдгөө “Huawei”, “Ericsson” болон “Nokia” компани 5G суурь станцын дэлхийн зах зээлийн 80 орчим хувийг хянадаг бол “NEC”, “Fujitsu” дөнгөж нэг хувийг хянадаг байна. Их Британитай хамтран ажилласнаар Японы компаниуд зах зээлийн энэ сегмент дэх орон зайгаа тэлэх боломж бүрдэх юм.

Үүнээс өмнө Японы Засгийн газар 5G сүлжээг хөгжүүлж буй “NEC” болон бусад корпорацуудад 80 тэрбум иений дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Японы үүрэн утасны томоохон оператор болох “NTT Docomo”, “Softbank” болон “KDDI” харилцаа холбооны сүлжээний тав дуугар үе рүү шилжээд байгаа ч хамрах хүрээ нь одоогоор маш хязгаарлагдмал байгаа аж.

Энэ сарын 14-нд Их Британийн Засгийн газар үндэсний харилцаа холбооны дэд бүтэц Хятадын “Huawei” корпорацын тоног төхөөрөмжөөс татгалзах тухай мэдэгдсэн юм. Ирэх арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн Британийн операторууд тус компанийн 5G бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болох бөгөөд 2027 он гэхэд бүх тоног төхөөрөмжийг өөр компаниудын бүтээгдэхүүнээр бүрэн сольсон байх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(167.71.72.180) 2020 оны 07 сарын 19

Энэ барууны гарууд хөгжлөөс хойшоо ухраад бн уу даа

0  |  0
Top