Францын Сенатын танхимын гишүүн Дамьен Регнар, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах үеэрээ Францын компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулах хүсэл, эрмэлзэлтэй байдаг тухай ярьжээ.
Тэрбээр “Францад болсон эдийн засгийн үзэсгэлэн яармагийн үеэр оролцогч компаниуд Монголын эдийн засгийн бүх л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлж байсан. Францын Сенатын танхим ч хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн түвшинд өргөжүүлэх хөгжүүлэх байр суурьтай байгаа” гэв.
Францын компаниуд эхний ээлжид боловсрол, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, бизнесийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч чиглэл болсон уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтэй компаниуд цөөнгүй байгааг ч сануулсан байна. Монгол Улс 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1966 онд Улаанбаатар хотноо Францын элчин сайдын яам, 1969 онд Парис хотноо Монгол Улсын элчин сайдын яам байгуулагдаж байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )