Тост, Тосон бумбыг ухаж буй компанид Худалдаа Хөгжлийн банк хувь эзэмшиж байгаа нь нотлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авч, хилийн хязгаарыг тогтоохдоо “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын лицензтэй 150 орчим мянган га газрыг хамгаалалтаас гаргаж үлдээсэн билээ.

Харин энэхүү газар нь тухайн орон нутгийн усны хагалбар газарт байрладаг бөгөөд “Саусгоби коул транс” компани 2017 оны гуравдугаар сарын 9-ний өдөр буюу тусгай хамгаалалттай газрын хилийг тогтоох Засгийн газрын 91 дүгээр тогтоол гараагүй байхад уурхайн кэмпээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, “Саусгоби коэл транс” компанийнхан өөрсдийн лицензтэй газрыг тусгай хамгаалалтад оруулалгүйгээр авч үлдэх “лобби”-гоо өмнө нь хийчихсэн,  Засгийн газрын шийдвэр хэрхэн яаж гарахыг урьдчилан мэдэж байсан гэсэн үг. Тиймээс Гурвантэс сумын 3, 4 дүгээр багийн нутаг Хөвд, Хуршуутын Баянбүрдийн дунд уурхайн тосгоноо байгуулж, Хуршуутын голын баруун захад хоёр өрөм тавьж, замаа хусаж эхэлсэн бөгөөд энэ өдрийг Балжинням, Дашнямтай өдөр хэмээн бэлгэшээж Хуршуутын голын баруун захад уурхайн шаваа сүр дуулиантайгаар тавьж байжээ. Харин өнөөдрийн байдлаар тус компани хөрс хуулалтаа хийж эхэлсэн бөгөөд Тост, тосон бумбын нурууны орчимд шороон овоолго хэдийн үүссэн байна.

 

Харин нутгийн иргэд “Саусгоби коэл транс” компанид хайгуулын лиценз өгснөөс эхлээд ашиглалтын лиценз авах, уурхайн үйл ажиллагаа эхлэх хүртэлх бүтэн арван жилийн хугацаанд шүүх, хуулийн байгууллагаар тэмцэж ирсэн ч тэд “мөнгө”-ний өмнө хүчгүйдсээр ирсэн. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг өөрсдийн талд гаргаж чадсан энэхүү компанийн ард хэн байгаа вэ, өнөөдрийг хүртэлх үйл явц хэрхэн өрнөж ирсэн бэ гэдэг асуудал сөхөгдөж байна.


-2010 оны хоёрдугаар 22

Б.Чойжилсүрэн, Д.Буянбат нарын хоёр гишүүнчлэлтэйгээр “Саусгоби коэл транс” компани газар худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр байгуулагдсан байдаг.

-2011 оны зургадугаар сарын 3

“Саусгоби коэл транс” компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хайгуул хийх ХҮ-011187 тоот тусгай зөвшөөрлийг тодорхойгүй этгээдээс худалдан авсан байдаг ба энэ талаар Ашигт малтмалын газрын албан бичгүүдэд огт дурдаагүй. Харин шүүх хурлын үеэр дээрх хайгуулын лицензийг “Айвенхое Майнз” компаниас худалдан авсан тухай тус компанийн төлөөлөл мэдэгдсэн байдаг. Гэвч орон нутгийн удирдлагуудад өгсөн мэдээлэлд огт өөр эх үүсвэр буюу “Саус гоби сэндс” компаниас анх худалдан авсан талаар дурдсан байжээ.

-2012 оны дөрөвдүгээр сарын 23

“Саусгоби коэл транс” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Ингэхдээ байгаль орчны нөлөөллийн болон нарийвчилсан үнэлгээгүйгээр хүсэлт өгсөн.

-2012 оны дөрөвдүгээр сарын 24

Хайгуулын лиценз хүссэн өргөдөл өгснөөс нэг хоногийн дараа “Саусгоби коэл транс” компани МҮ-017038 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөө гаргуулан авсан байдаг.

-2014 оны зургадугаар сарын 23

Ийнхүү ашиглалтын А лицензтэй болсноос нэг жилийн дараа Б.Чойжилсүрэн нар нь “Саусгоби коэл транс” компанийг Т.Мөнхбат гэх иргэнд шилжүүлсэн байна.

-2015 оны наймдугаар сарын 21

“Саусгоби коэл транс” компани мөн аймгийн Гурвантэс сумын нутагт МҮ-019039 тоот ашиглалтын лиценз авчээ.

-2016 оны долдугаар сарын 29

“Саусгоби коэл транс” компанийн тавин хувийн хувьцааг Чанцалын Орхон гэх хүнд шилжүүлсэн байдаг ба ингэснээр “Саусгоби коэл транс” компани Худалдаа хөгжлийн банктай эргэлт буцалтгүй холбогдсон аж.

Учир нь Ч.Орхон нь “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын лицензийг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан байна. Түүнээс гадна Ч.Орхон нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, Улаанбаатар хотын банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хүн гэдэг бөгөөд түүний авсан 50 хувийн хувьцааны цаад эзнийг Худалдаа хөгжлийн банк байгаа гэдгийг батлах хүмүүс ч бий.

Энэ талаар цааш сонирхвол Ч.Орхон болон Д.Эрдэнэбилэг нар нь “Саусгоби коэл транс” компаниас өмнө “Ю БИ КОНСТРАКШН” компаниар 2005 оноос хойш холбогдож иржээ. Тодруулбал, Ч.Орхон нь “Ю БИ КОНСТРАКШН” компанийн эзэмшигч бөгөөд тэрбээр 2005 оны долдугаар сарын 20-ны өдөр ашгийн төлөө байгууллага гэдгээр бүртгүүлээд түүнээс нэг жилийн дараа 2006 онд Сүхбаатарын талбайн 2.5 га газарт усан оргилуур, хүрээлэн байгуулна хэмээн 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болсон байдаг.

Улмаар дээрх газраа барьцаалан 22.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотын банкнаас авсан аж. Улаанбаатар хотын банк нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийнх бөгөөд Ч.Орхон нарыг хамаарал бүхий харилцаатай гэдгийг дээрхээс тодорхой харж болохоор байна.

Товчхондоо Ч.Орхоны эзэмшлийн гэгдэж буй “Ю БИ КОНСТРАКШН”, “Саусгоби коэл транс” компанийн хувьцаануудын цаад эзэн нь Худалдаа хөгжлийн банк гэдгийг үгүйсгэх аргагүй баримтууд энд бий.

-2017 оны арванхоёрдугаар сарын 21

Ийнхүү “Саусгоби коэл транс” компанитай Ч.Орхон гэх иргэн холбогдсоноос хойш Тост, тосон бумбатай холбоотой бүхий л асуудалд Худалдаа хөгжлийн банк давхар орж ирдэг болсон нь дээрх таамгийг баталж эхэлсэн байдаг.

Тухайлбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болсон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын үеэр “Саусгоби коэл транс” компаниас гадна, Худалдаа хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцсон.

-2018 оны аравдугаар сарын 29

Энэ өдөр болсон шүүх хуралд ч мөн Худалдаа хөгжлийн банк хохирогчоор орж ирсэн бөгөөд “Саусгоби коэл транс” компанийн эзэмшиж буй газарт уурхайн үйл ажиллагаа явуулахыг дэмжин нутгийн иргэдийн эсрэг зогсож байв.

-2019 гуравдугаар сарын 18

Нутгийн иргэдийн нэхэмжлэлтэй дээрх хуралд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл гэх Б.Ананд нарын хоёр хүн оролцсон бөгөөд мөн л өмнөхийн адил банк их хэмжээний хохирол амсах учир, иргэдийн талд шийдвэр гаргахад буруу гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Ийнхүү арван жилийн турш нутаг усаа хамгаалах гэсэн говийн цөөхөн малчид зөвхөн Б.Чойжилсүрэнгийн эсрэг тэмцэж байгаагаар сэтгэж ирсэн бол тэдний эсрэг зогсох хүч Худалдаа хөгжлийн банкаар ийнхүү нэмэгдэж, Хөвд Хуршуутын гол ширгэж, малчид уух усгүй, мал бэлчээргүй болох бодит аюултай нүүр тулгараад байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jargalsaixan(103.229.123.213) 2019 оны 05 сарын 23

Erdenebileg mongoliin ezen gegddeg. Ene barimttai bichsen bn. Yaagaad neg bank neg xun bugdiig awch bga talaar yg ingej l bichix xeregtei

1  |  0
t(122.201.21.80) 2019 оны 05 сарын 19

Ter Erdenebileg, Orhon, Choijilsuren 3iig buudchih. Hun baihgui bol asuudal baihgui gej Stalin helsen baidag.

1  |  0
Зочин(64.119.24.175) 2019 оны 05 сарын 18

Энэ худалдаа хөгжлийн банк гэж ямар их эрх дархтай,ханаж цаддаггүй шуналтай газар вэ. Монголын өнгөтэй өөдтэй гэсэн бүхийг л авсан гэх юм.

0  |  0
Үнэн(202.9.42.74) 2019 оны 05 сарын 19

Цахилгаан станцийн анхбаяр чинь чойжил сүрэнгийн хүн гэсэншдээ

1  |  0
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

1  |  0
Top