Бодибилдингийн хамгийн том тэмцээн “Мистер Олимп”-д долоон удаа түрүүлж домог болсон тамирчин, холливүдийн нэрт жүжигчин мөн АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан 71 настай Арнольд Шварценеггерийн биед гэмт этгээд халджээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад болж буй “Арнольд Классик” тэмцээний үйл ажиллагааны үеэр “Терминатор”-ын ар нуруу руу гэмт этгээд үсэрч жийж тийрсэн явдал гарсан байна. Харин Арнольд Шварценеггер удалгүй олон нийтийн сүлжээгээр “бие зүгээр” гэж мэдэгдсэн байна.
“Олон хүн цугласан үйл ажиллагааны үеэр шахаж түлхэх явдал олон гардаг. Тэгээд л хүмүүс шахалдаад түлхчихлээ гэж би бодсон юм. Гэвч дараа нь бичлэг хараад миний биед халдсныг мэдлээ. Тэр мулгуу этгээд Snapchat-ийг минь тасалдуулаагүй нь сайн хэрэг” гэж Арнольд Шварценеггер ярьсан байна. Түүн рүү дайрсан этгээдийг цагдаа нар тэр даруй баривчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )