Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 355 дугаар байрт бичигддэг, таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй Роберт Смит “Morehouse College”-ийн энэ жилийн төгсөгчдийн өрийг бүрэн дарахаа амлажээ. Тус коллежид ихэвчлэн хар арьст оюутнууд суралцдаг уламжлалтай юм байна.
Роберт Смит “Би танай оюутны автобусанд жаахан түлш нэмье. Энэ бол миний төгсөлтийнхөн гэж хэлж болно. Та бүхний сургалтын төлбөрийн бүх өрийг дарна гэдгээ амлаж байна” хэмээн “Morehouse College”-ийн төгсөлтийн үдэшлэг дээр мэдэгджээ.
“Их хурц нартай байсан болохоор бид толгой дээрээ дипломоо барьчихаад зогсож байлаа. Гэтэл Смит тэр үгээ хэлсэн. Бүгд хашгирч, уйлах нь уйлж, дэвхцэх нь дэвхцэж эхэлсэн. Үнэхээр гайхамшигтай сайхан санагдсан. Би 10 мянган ам.долларын өртэй. Одоо тэр маань үгүй боллоо” хэмээн төгсөгчдийн нэг Эрнест Холмс өгүүлжээ.
“Энэ бол адислалтай төстэй. Саяхан л би 100 мянган ам.долларын сургалтын төлбөрийн өртэй тул хүссэн их сургуульдаа орох ямар ч боломжгүй мэт санагдаж байлаа. Гэтэл одоо тэр боломж нээгдлээ” хэмээн өөр нэгэн төгсөгч Брэндон Мэнор хэвлэлд ярьсан байна.
Роберт Смит төгсөгчдийн өрийг хэрхэн дарах систем нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Өнгөрсөн жил төгсөгчдийн өр 10 сая ам.долларт хүрсэн.
Morehouse-ийн дундаж сургалтын төлбөр 25 500 ам.доллар. Үүн дээр дотуур байр, ном сурах бичиг, бусад зардал төлбөрийг нэмбэл 48 000 ам.доллар болдог гэнэ. Энэ жил ойролцоогоор 400 оюутан төгсөх юм байна. Мөн коллежийн оюутнуудын 90 хувь нь өр тавьдаг гэхээр ойролцоогоор 40 сая ам.долларын өр цугласан байх магадлалтай ажээ.
Роберт Смит өөрөө Корнеллийн их сургуулийг төгссөн бөгөөд сургуульдаа 2016 онд 50 сая ам.доллар хандивлаж байсан юм.
АНУ-д 2018 оны арваннэгдүгээр сарын тооцоогоор сургалтын шинж чанартай өрийн хэмжээ 1.465 их наяд ам.долларт хүрсэн байна. Тиймээс 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад буй Элизабет Уоррен мөрийн хөтөлбөртөө энэхүү өрийн хэмжээг хасах, бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллана гэж амлаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )