Вашингтон мужид хүний бие цогцсыг бордоо болгож ашиглахыг хуульчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Вашингтон хүний бие цогцсыг бордоо болгож ашиглахыг хуульчилсан АНУ-ын анхны муж болжээ.

Шинэ хуулиар хүмүүс нас барсных нь дараа бие цогцсыг нь хөрс болгон ашиглах эсэхийг сонгох эрхтэй болсон байна. Хүн ам шигүү суурьшсан, оршуулгын газрын хомсдол бүхий хотуудад энэ аргыг нэвтрүүлэхэд боломжтой гэнэ. Талийгаачийн бие цогцсыг хөрс болгон хувиргасны дараа төрөл төрөгсөд нь цэцэг, ногоо, эсвэл мод тарих боломжтой аж.

Ийм үйлчилгээ үзүүлэх анхны компанийг үндэслэгч Катрина Спэйд талийгаачдын бие цогцсыг хөрс болгон хувиргах нь газарт оршоох, чандарлах уламжлалт аргыг орлох байгальд ээлтэй, аюулгүй хувилбар юм гээд энэ арга нь нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг багасгах, газар ашиглалтад ихээхэн ач холбогдолтой гэж ярьжээ.

Түүний хэлснээр талийгаачдын бие цогцсыг царгас, модны зоргол болон сүрлээр дүүргэсэн зургаан өнцөгт төмөр хайрцаганд байрлуулдаг бөгөөд 30 хоногийн турш цогцост задрал явагдаж, түрдэг хоёр тэрэгний хэмжээний хөрс болон хувирдаг гэнэ. Талийгаачдыг оршоох энэ арга сүүлийн үед ихээхэн дэлгэрч байгаа аж. Энэ сарын эхээр алдарт жүжигчин Люк Перрийг ийм аргаар оршоосон гэнэ.

Энэ аргыг санаачилсан Жэ Рхим Лигийн ярьснаар, талийгаачийг оршоох энэ арга нь цогцос байгальд задрах болон чандарлах явцад агаарт хаягддаг хорт хийн хэмжээг бууруулдаг давуу талтай гэнэ. Талийгаачдыг оршоох энэ арга нь Шведэд аль хэдийн нэвтэрсэн бол Их Британид талийгаачдыг авсанд хийлгүй эсвэл хурдан задардаг авсанд хийж оршуулах туршлага нэвтрээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top