Ц.Цогзолмаа: Эмэгтэйчүүдийн зөв, хамтын ажиллагааны үр дүнд улс төр дэх тэдний оролцоо өснө

2019 оны 05 сарын 24

Монголын эмэгтэйчүүдийн сангийн санаачилгаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тэдний түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Түншлэлийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр /2019.05.23/ болжээ. Уг уулзалтад УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа оролцож байр сууриа илэрхийлсэн байна. Аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, улс төрийн намууд болон намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар орон нутгийн шийдвэр гаргах түвшинд сонгогдох, томилогдон ажиллах эмэгтэйчүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг зөвлөлдөх уулзалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Завхан, Төв аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, дүүргийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчид оролцож туршлага солилцож байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх түүнчлэн эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих чиглэлээр түлхүү ажиллахын ач холбогдлыг онцлоод эмэгтэйчүүдийн 25 хувийн квотыг нэр дэвшүүлэх түвшинд биш сонгуулийн эцсийн үр дүнгийн түвшинд авч үлдэх тал дээр зоригтой, тууштай ажиллахыг уриаллаа. Тэрээр "Өнгөрсөн 2016 оны сонгуулийн үр дүнгээр аймаг, орон нтугийн түвшинд сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо нэлээн өндөр байгаа. Харин нийслэл, дүүрэг, УИХ-ын түвшинд энэ тоо багассан. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа, эмэгтэйчүүд бидний зөв хамтын ажиллагааны үр дүнд энэ байдал сайжирна гэдэгт би эргэлздэггүй. Дараагийн сонгуулиар улс төрийн намууд эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлээсэй.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 25 хувийн квотыг хууль тогтоох түвшинд хадгалж үлдэх буюу сонгуулийн эцсийн үр дүнгээр парламентын гишүүдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байх тогтолцоог бий болгохын төлөө бид ажилламаар байна. Тэгэхгүй бол энэ 25 хувь билэгдлийн чанартай буюу намууд 25 хувиа эмэгтэйчүүдэд өгсөн ч мөнгө, хөрөнгөтэй эрчүүдтэй өрсөлдүүлж нэг ёсны өгөөш болгодог явдал элбэг ажиглагддаг. Тийм учраас магадгүй тухайн тойрогт эмэгтэй нэр дэвшигч эмэгтэй нэр дэвшигчтэйгээ өрсөлдөж, эцсийн үр дүнгээр эмэгтэй хүн л сонгогддог байх дэлхийн бусад улс орнуудын сайн жишээг бид нэвтрүүлэх хэрэгтэй байна. Мөн сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх тал дээр ахиц гаргах шаардлагатай байна. Сонгогчийн санал гэдэг бол үнэт зүйл. Үнэт зүйл, эрхийг нь мөнгөөр худалдаж авдаг явдлыг зогсоохгүй бол иргэдийн хүсээд байдаг мэргэжлийн парламент бүрдэхгүй. Сонгогчид маань мөнгөөр биш үнэт зүйлээрээ сонголтоо хийдэг баймаар байна. Үүний төлөө эмэгтэйчүүд бид бас идэвхтэй ажилламаар байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top