Санхүүгийн зах зээлийн бүхий л салбарууд ижил тэгш хөгжихөд иргэдийн оролцоо тун чухал. Тэгвэл санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн итгэл энэ оны эхний улирлын байдлаар ямар байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ танилцууллаа. Иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой уг судалгааг СЗХ, МУИС хамтран 2016 оны 3 дугаар улирлаас хойш хийж буй. Энэ оны эхний улирлын байдлаарх судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулсан гэж МУИС-ийн багш, Дэд профессор Б.Соёлмаа хэлсэн.
Санхүүгийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг өсчээ. Тухайлбал: СЗХ, Монголын хөрөнгийн бирж, Банк бус санхүүгийн байгууллагад /ББСБ/ итгэх иргэдийн итгэл өссөн дүнтэй гарчээ. СЗХ-нд итгэх итгэл 2017 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 11.9 пунктээр өссөн бол ББСБ болон даатгалын компаниудад итгэх итгэл аль аль нь 5.5 пунктээр нэмэгджээ. Харин Монголбанкинд итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад 14.2 пунктээр буурч гарсан гэж судлаач хэллээ. Капитал банк үүдээ барьсан нь арилжааны банкуудад итгэл итгэлд нөлөөлж байгаа юу гэдэг асуулт мэдээж анхаарал татна. Тэгвэл тус банк татан буугдсан шийдвэр цаг хугацааны хувьд эхний улирлаас хойш болсон тул энэ удаагийн судалгааны дүнд ямар нэг байдлаар тусгагдаагүй байна. Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байсаар байна. Боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байдаг нь судалгааны дүнгээс харагдаж байгаа гэж судлаач хэллээ.
48.3 хувь нь ломбард, хувь хүнээс зээл авчээ
Судалгаанд хамрагдсан иргэдийн 40.2 хувь нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Тэдгээр иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкнаас, 12 хувь нь ломбарднаас, 6.1 ББСБ, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авчээ. Зээл олгосон байгууллагаар нь харвал арилжааны банк 78.2 хувь, ломбард 29.9 хувь, хувь хүн 18.4 хувь, ББСБ 15.2 хувь эзэлж байна. Иргэдийн 48.3 хувь албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авчээ.
36.9 хувь нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй гэж хариулжээ
Иргэдийн 14.8 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 77.3 хувь нь үгүй, 7.9 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн ердөө 3.9 хувь нь үнэт цаасны арилжаанд оролцож байжээ. Сонирхож байсан иргэдийн 20 хувь нь өмнө нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцож байсан бол 80 хувь нь оролцож байгаагүй байна. Эндээс үзэхэд үнэт цаасны арилжаанд оролцохыг сонирхож байсан иргэд ч үнэт цаасны арилжаанд оролцох байдал доогуур байна. Хөрөнгийн биржийн арилжааг сонирхохгүй байгаа шалтгааныг асуухад 36.9 хувь нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, 65.1 хувь нь мэдээлэл байхгүй гэж хариулсан. Түүнчлэн, 13.4 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байхгүй шалтгаанаар сонирхдоггүй байна.
73.8 хувь нь даатгалгүй
2019 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 20 хувь нь сайн дурын ямар нэг даатгалтай байна. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад гурван пунктээр буурчээ. Нийт иргэдийн 73.8 хувь нь даатгалгүй бөгөөд энэ нь өмнөх судалгаатай харьцуулахад 6.9 пунктээр өндөр үзүүлэлт. Өндөр орлоготой бөгөөд өндөр боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд илүүтэй даатгалд хамрагддаг. Мөн түүнчлэн, боловсролын түвшин доогуур иргэд даатгалын талаар мэдэхгүй гэж илүүтэй хариулжээ.
Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.9 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас даатгалд хамрагдаагүй байна. Энэ нь 2018 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 21.6 пунктээр өссөн байна. Харин даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 12.8 хувь нь даатгалд хамрагдаагүй гэжээ. Даатгалд итгэдэггүй гэдэг хариулт 12.8 байгаа нь 2018 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 2.1 пунктээр өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )