Путин бизнесмэнүүдийг хорих бус өндөр барьцаатайгаар суллахыг зөв гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын тэргүүн Борис Титовтой уулзан ярилцжээ. Уулзалтын үеэр их хэмжээний эд хөрөнгө шамшигдуулсан юмуу санхүүгийн хэргээр баривчлагдан хоригдсон бизнесмэнүүдийг барьцаатайгаар суллаж, ажлыг нь үргэлжлүүлэх чухал талаар ярьсан байна.

Титовын өгүүлснээр бол бизнес эрхлэгчдийг хорьсноор тэдний удирдаж байсан үйлдвэрийн ажиллагаа зогсож, 100 болон түүнээс дээш тооны хүмүүс ажилгүй болж буйг анхаарах ёстой ажээ. Мөн барьцаатайгаар суллагдсанаар бизнес эрхлэгчид нь хариуцлагаас мултралгүй цаашид ажлаа үргэлжлүүлж, удирдлагаар хангах шаардлага байгааг дурьдсан байна.

Владимир Путин үүний хариуд “Тэрбумын хэргээр шоронд орчихоод 10 копейкийн барьцаагаар гараад байж таарахгүй. Энд хамгийн гол нь барьцааны хөрөнгө мөнгөний хэмжээ” гэжээ.

“Өндөр барьцаатайгаар сулласнаар нэг талдаа мөрдөн шалгах үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, нөгөө талдаа үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохгүй, ажилчдыг гудамжинд гаргахгүй байх нь чухал ашигтай шийдэл байж болно” хэмээн Путин нэмж өгүүлжээ.

Оросын шүүх хэрэгтнийг өндөр барьцаатайгаар суллах тухай хүсэлтийг бараг хүлээж авдаггүй, өдрийн од шиг ганц нэг удаа л ийм шийдвэр гаргаж байсан тухай Титов хариу дурьдсан байна. Үүнд, хэдэн сарын өмнө “Сумма” группын эзэн Зиявудина Магомедоваг 2.5 тэрбум рублийн барьцаатайгаар суллах саналыг тавьсан ч шүүх хүлээж аваагүйг дурьджээ. Гэтэл хэрэгтний учруулсан хохирлын хэмжээ нь барьцааны мөнгөтэйгээ бараг дүйж байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.228.20) 2019 оны 05 сарын 28

Хүний эрхийг мөнгөөр хэмжиж эхлэв бололтой. Үндсэн хуулинд нь тэгж заасан юм байлгүй.

0  |  0
Top