Уоррен Баффетттай хамт зоог барихын тулд 3.5 сая ам.доллар санал болгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Дэлхийн толгой баячуудын нэг Уоррен Баффетттай хамт зоог барих эрхийг өнгөрсөн ням гаригаас эхлэн Ebay-гаар дуудлага худалдаагаар зарахаар зарлажээ. Сайн үйлсийн Glide сангаас зарлаж буй энэхүү дуудлага худалдааг 25 мянган ам.доллараас эхэлсэн бол өчигдрийн байдлаар нэгэн хүн 3.5 сая ам.доллар амлаад байна.

Glide сангаас зарласан энэхүү дуудлага худалдааны орлогыг Сан-Франциско дахь өлсгөлөн, ядууралд нэрвэгдсэн орон гэргүй хүмүүст туслахад зориулах ажээ.

Уоррен Баффеттын хувьд өмнө нь ч ийм дуудлага худалдаанд нэмэр болж байсан нэгэн. 2012 онд түүнтэй хамт зоог барих эрхийг нэгэн хүн 3.46 сая ам.доллараар худалдан авсан түүхтэй юм.

“Хэцүү амьдралтай хүмүүст итгэл найдвар өгөхөд энэ үйл ажиллагаа чиглэж буй юм. Ядуусыг зарим хүмүүс тоолгүй гараа саваад л өнгөрдөг биз. Харин Glide тэдэнд туслахыг зорьдог” хэмээн Баффетт өгүүлжээ.

2000 оноос хойш Уоррен Баффетт Glide сайн үйлсийн санд ойролцоогоор 30 сая ам.долларыг иймэрхүү хэлбэрээр цуглуулж өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top