#1 С.БАЯРЦОГТООС БУСАД НЬ ОЙЛГОХГҮЙ ГЭЖ ҮНЭН ҮҮ?!
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт хэлэлцүүлгийн шатанд явааг бүгд мэднэ. Уг дүгнэлт гурван хэсгээс бүрдэж байгаагийн хоёр нь нууцын зэрэглэлтэй. Бүр тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой аудитын дүгнэлт болон Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтын дүгнэлт “НУУЦ” зэрэглэлтэйгээр гишүүдэд тараагдсан юм.
Өнгөрсөн хугацаанд нууцын зэрэглэлтэй гэсэн хаалт бүхий олон ч асуудал олны анхаарлын төвд орж ирж байлаа. Алив эргэлзээг тайлахуйц учиг бүхэн нь өнөөх л нууцад багтаад нуугдаад үлдэж байв. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болгосон гэх баримтууд “нууц” ангилалд багтсанаас болоод олон ч асуулт хариултгүй үлдэж, хардлага сэрдлэгэ дэврэх шалтгаан нь болсоор ирсэн. Чухам уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр хэлэхдээ нэгэн санааг хавчуулаад орхисон. Дээрх хэргийг мөрдөн шалгасан хавтаст хэрэгтэй танилцаад үзэхэд хуудас болгон нэг, хоёр мөрийг тодотгоод “МАШ НУУЦ” гээд дардас тавьчихсан байх ч үнэндээ тэр дунд бусдаас нууж, нууцлахаар зүйл ховор байсныг тэрбээр дурдсан юм. Нууц гэдгийн цаана олон нийт, шударга үнэний шүүлтүүрээс булзайруулах гэсэн булхай луйврыг нууцалдаг юм биш байгаа?! Ийм хардлагыг Л.Болд нуугаагүй. Тэрбээр Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний “нууц” гэдэг хаалтыг аваад олон нийтэд ил дэлгэхэд л дэлхий дахинд хөрөнгө оруулагчид шившиг болохоор зүйлс бишгүй бий гэж хэлсэн юм.
#2 ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЦОГЦЛООХ ГАДНЫ ТУРШЛАГА
Би ухсан, ухаагүй. Чи мөнгө авсан, аваагүй. Ухсан нь хужаа. Тэмцсэн нь шантаажчин. Монгол маягийн уул уурхайн үнэн төрх нь энэ. Ухаад өгөө хөрөнгө оруул гэж даллах мөртөө ухаж эхлээд ажиллаж байхад нь хууль зөрчлөө гэж хөөж гаргадаг тогтолцоо Монголоос өөр улсад лав байхгүй байх. Тэр тусмаа уул уурхайн салбар эдийн засгийн 70-аас илүү хувийг нь бүрдүүлж байгаа манайх шиг улс салбарын тогтолцоогоо боловсронгуй болгож, хөрвөх чадвартай байж гэмээ нь цаашид хөгждөг аж. Хариуцлагын тогтолцоо сул улсад мэдээж ямар ч хариуцлагын талаар ярьж болохгүй нь ойлгомжтой. Яг өдгөө Монголд үүсээд байгаа энэ байдал хэдэн жилийн өмнө дэлхийн хаа нэгтээ болж л байсан асуудал. Хамгийн гол нь тэд асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
МЭДДЭГ ХҮНЭЭР НЬ ХАМГААЛУУЛ
Нэг ёсны аминчхан бөгөөд тухайн компанид хал палгүй сонголт. Өдгөө Авсрали улсын Күийнслэнд мужид яг зарчмыг баримталж буй. Уурхайн лицензийн талбай орчимд амьдран суудаг ард иргэдтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр уурхайн нөхөн сэргээлт, ургамалжуулалт, ундны усны эх үүсвэрийг хангадаг аж. Нэг ёсондоо лицензийн талбай орчимд амьдардаг хүмүүстэй гэрээ байгуулж, сар тутам цалин олгож, хариуд нь тэр орчмыг байгалийн нөхцөлд үнэлгээ өгөх арга. Мэдээж тухайн иргэдийг нэгтгэн зангидах тусгай нэгж хэрэгтэй болох бөгөөд энэ нь орон тооны 3-4 дөрвөн хүн л шаарддаг аж. Австралийн нүүрсний арвин их нөөц оршдог энэ бүс нутаг 1960-1970-аад оны хооронд хэрүүл маргаан, хардлага, сэрдлэгийн эх ундарга байлаа. Нэг талаас оршин суугчид нь байгалийн нөхцөл байдлыг улам доройтуулж байна гэж тэмцэн, нөгөө талаас засаг захиргаа нь ард иргэдтэй нь тохирох гэж үйлээ үзсэний үр дүнд дээрх хал палгүй арга гарсан байна. Яг энэ арга барилыг Индонез болон Өмнөд Африкийн хэд, хэдэн компани хэрэгжүүлж буй аж.
#3 ХУУЛИЙН САЙДАД ХАЯГЛАСАН Б.БУЛГАНЫ ЗАХИДЛЫГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАЖЭЭ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан захидал бичжээ. Уг захидал нь нууцын зэрэглэлд хамааралтай байсан тул олон нийтэд ил болгох боломжгүй өнөөг хүрсэн байна. Харин саяхан С.Зориг агсны хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаснаар талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганы Ц.Нямдорж сайдад хаягласан энэхүү захидлыг олон нийтэд ил болгох боломжтой болжээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
#4 ДЭЛХИЙН БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТӨВ КОРИДОРЫГ ЭРХ БАРИГЧДАД САНУУЛАВ
Хуруу биш хошуу нэмдэг ихэнх улстөрчдийн хувьд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоогоор хэмжихийг хүсэмжилж буйгаа хэлж ярих нь их. Харин эдийн засагт идэвхжил мэдрэгдэхтэй зэрэгцэн зөв бодлогоор залуурдах шаардлагатайг тэдний олонх нь ухаардаггүй. Энэ оны эхний улирлын байдлаар манай эдийн засаг 8.6 хувьтай гарсан нь өнөөгийн нөхцөл байдал, багтаамжийн хувьд хангалттай өндөр үзүүлэлт гэдгийг хэлэх эдийн засагчид байгаа юм. Сүүлийн үед бараг хүн бүрийн амнаас их өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байна гэсэн үгс гарах болсон. Тэгвэл эдийн засагт эерэг дүр зураг давамгайлахтай зэрэгцэн идэвхжилийг зөв удирдах нь өсөлтийн тогтвортой хийгээд хүртээмжтэй чанарыг сайжруулахад чиглэх ёстой болоод байна. Мөн өсөлтийг бүрдүүлж буй тоон үзүүлэлтүүд чухам аль аль хэсэгт илүү төвлөрөөд байна вэ. Цөөн нэр төрлийн ашигт малтмалын экспортыг дагаж орсон хэдэн ам.долларын хэд хэчнээн нь эргэж гарч байна вэ. Хэдэн хувь нь түгжигдмэл салбарт шингэж, хэчнээн нь эргээд мөнгөний урсгал дагуулах салбар, чиглэлүүдэд очиж байна вэ гэхчлэн олон асуудал ярих хэрэгтэй болох юм. Товчхондоо, төрийн зүгээс өсөлтийг хүртээмжтэй байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн учраас иргэдийн хувьд “манай хаалгаар тэр өсөлт чинь орохгүй байна” гэж дуугарахаас аргагүй. Өнгөрсөн жил манай улсад гаднаас 12 тэрбум гаруй ам.доллар орж ирсэн бол буцаад гарч явсан нь 5.9 тэрбум ам.доллар байгаа юм. Импорт дагаж гарах ам.долларын урсгалыг багасгах гол зохицуулалтыг төрөөс хийх ёстой. Гэтэл эдийн засгийн бүтцээ тэлэхэд хамгийн түрүүнд хаашаа чиглэж ажиллах ёстойгоо ч зөв эрэмбэлж, тодорхойлж чадаагүй байгааг дурдах хэрэгтэй байх.
#5 Л.ЭНХБОЛД: ТОСТ, ТОСОН БУМБЫН АСУУДЛААР ДАХИН АСУУЛГА ТАВИНА
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коал транс” компани хууль бус олборлолт явуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар тус аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж асуулга тавиад байсан юм. Тэгвэл дээрх асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани хууль бусаар олборлолт явуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд бий. Хэвлэл мэдээллийнхэн ч өөр өөрдсийн байр суурийг хүргэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хууль зөрчсөн, нөгөө хэсэг нь хууль зөрчөөгүй зэрэг мэдээллийг олон нийтэд өгчээ. Харин та яг энэ асуудлаар Засгийн газрын тэргүүнд асуулга хүргүүлж, хариугаа авсан гэж сонслоо. Ерөнхий сайдаас ямар хариу ирэв?
-Өмнөговь аймаг бол уул уурхайн бүс нутаг. Монгол Улсын эдийн засгийг авч явдаг аймаг ч гэж хэлж болно. Гэхдээ уул уурхайг дагасан ээдрээтэй асуудал олон бий. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумба орчмын уул уурхайтай холбоотой маргаан юм. Энэ маргаан олон жил үргэлжилж байна. Шүүхээр явж байсан процесс ч байдаг. Ийм маргаантай асуудал байгаа болохоор Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )