Би ухсан, ухаагүй. Чи мөнгө авсан, аваагүй. Ухсан нь хужаа. Тэмцсэн нь шантаажчин. Монгол маягийн уул уурхайн үнэн төрх нь энэ. Ухаад өгөө хөрөнгө оруул гэж даллах мөртөө ухаж эхлээд ажиллаж байхад нь хууль зөрчлөө гэж хөөж гаргадаг тогтолцоо Монголоос өөр улсад лав байхгүй байх. Тэр тусмаа уул уурхайн салбар эдийн засгийн 70-аас илүү хувийг нь бүрдүүлж байгаа манайх шиг улс салбарын тогтолцоогоо боловсронгуй болгож, хөрвөх чадвартай байж гэмээ нь цаашид хөгждөг аж. Хариуцлагын тогтолцоо сул улсад мэдээж ямар ч хариуцлагын талаар ярьж болохгүй нь ойлгомжтой. Яг өдгөө Монголд үүсээд байгаа энэ байдал хэдэн жилийн өмнө дэлхийн хаа нэгтээ болж л байсан асуудал. Хамгийн гол нь тэд асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
МЭДДЭГ ХҮНЭЭР НЬ ХАМГААЛУУЛ
Нэг ёсны аминчхан бөгөөд тухайн компанид хал палгүй сонголт. Өдгөө Авсрали улсын Күийнслэнд мужид яг зарчмыг баримталж буй. Уурхайн лицензийн талбай орчимд амьдран суудаг ард иргэдтэй нь байгуулсан гэрээний үндсэн дээр уурхайн нөхөн сэргээлт, ургамалжуулалт, ундны усны эх үүсвэрийг хангадаг аж. Нэг ёсондоо лицензийн талбай орчимд амьдардаг хүмүүстэй гэрээ байгуулж, сар тутам цалин олгож, хариуд нь тэр орчмыг байгалийн нөхцөлд үнэлгээ өгөх арга. Мэдээж тухайн иргэдийг нэгтгэн зангидах тусгай нэгж хэрэгтэй болох бөгөөд энэ нь орон тооны 3-4 дөрвөн хүн л шаарддаг аж.
Австралийн нүүрсний арвин их нөөц оршдог энэ бүс нутаг 1960-1970-аад оны хооронд хэрүүл маргаан, хардлага, сэрдлэгийн эх ундарга байлаа. Нэг талаас оршин суугчид нь байгалийн нөхцөл байдлыг улам доройтуулж байна гэж тэмцэн, нөгөө талаас засаг захиргаа нь ард иргэдтэй нь тохирох гэж үйлээ үзсэний үр дүнд дээрх хал палгүй арга гарсан байна. Яг энэ арга барилыг Индонез болон Өмнөд Африкийн хэд, хэдэн компани хэрэгжүүлж буй аж.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЪЯ
Хамгийн бүдүүлэг гэж боддог Африкийн Ботсвана улс энэ аргыг бодож олжээ. Орон нутагт үйл ажиллагаа нь идэвхтэй байдаг, нутгийн оршин суугчдын итгэлийг олж авсан иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажилласнаар байгаль орчны асуудлаа ч, иргэдэд итгэл төрүүлэх суурь санаагаа ч хэрэгжүүлж болох арга. Ботсвана улсын Фрэнцистаун мужийн хойд хэсэгт орших зэс, гангийн бүлэг орд газар арвин их нөөц, ашиг олох боломжтой ч 1990-ээд оны дундуур нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Эсэргүүцлээс шалтгаалан бараг гурван жил хэвийн ажиллаж чадаагүй учраас байгаль хамгаалах чиглэлийн таван ч байгууллагатай хамтран ажиллах болжээ. Дээрх таван байгууллагын хоёр нь нөхөн сэргээлт, байгаль орчин хамгаалах чиглэлээр хүний нөөцөөр хангах, үлдсэн нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөт ажлуудад хамтран оролцох зэргээр гэрээ байгуулав. Үр дүн нь туйлийн хурдан хугацаанд гарч иргэдийн итгэл ч харьцангуй нэмэгдэх болсон байна.
Ботсвана улсын амжилттай хэрэгжүүлсэн энэ туршлагыг Намиб болон Мозамбик улс хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрчээ.
НУТГИЙН ИРГЭДТЭЙ НЯГТ ХАМТАР
Тухайн нутаг орныг уугуул иргэдээс нь өөр хэн ч мэдэхгүй. Ямар ч мэргэжилтэн нутаг орны хүнээс илүү байдаггүй тул энэ арга нэг бодлын амиа хоохойлсон байж болно. Бичвэрийн хамгийн эхэнд дурдсан ойлголтоос энэ нь маш ондоо. Чилийн ихэнх уурхай дээрх аргыг ашигладаг. Чилийн Атакамын цөлд орших уурхайнуудад ундны ус чандмань эрдэнэ учраас нутгийн малчдад тодорхой хэмжээний мөнгө өгч ундны усаа олуулахаас гадна уурхайн ажилчидтай хамтран ус цэвэрлэх байгууламж, усан хангамжаа шийддэг ажээ. Ундны усыг илрүүлэх орчин үеийн шаардлага хангасан олон төрлийн төхөөрөмж байдаг ч төхөөрөмжид найдсанаас илүү итгэлгүй, үйл ажиллагааных нь эсрэг байгаа иргэдтэй хамтарч ажиллах нь илүү үр дүнд хүргэдэг байна.
САЙН ДУРЫН АЖИЛЧДАД ИТГЭ
Сүүлийн үед өндөр хөгжсөн улс орнуудад сайн дурын ажилчдыг бий болгон улмаар компанийн том, том хэлтэс нэгжүүдэд байнгын бус орон тоо гаргах болжээ. АНУ, Канад зэрэг өндөр хөгжилтэй улсад энэ ойлголт, тогтолцоо бий болоод аль хэдий нь 30 гаруй жилийн нүүрийг үзээд байна. Сайн дурын ажилчид Ротари, магадгүй оюутны холбоо ч байж болно.
Тухайн компанийн сар, улирлын ажилтай танилцах, иргэдэд зөв мэдээлэл олгохын тулд хагас жил юм уу, жилээр гэрээн хийн ажиллах болжээ. Энэ тохиолдолд тухайн лицензийн талбай байгаа засаг захиргаа удирдлагын нэгжийн орон тооны ажилтан ч сайн дурын ажилтнаар оролцох боломж бас бий.
Өмнөд Африк болон Ботсвана улсад энэ ойлголт нэвтрээд таван жил болж байгаа бөгөөд нөхөн сэргээлтийн хувь хэмжээ, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх байдал илтэд буурсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Компанийн хэлтэс бүрт хуваарилагдсан байнгын бус орон тооны гишүүд компанийн тухай үнэн зөв, бодитой мэдээллийг иргэдэд хүргэх тул энэ арга туйлийн оновчтой ажээ.
ИЛ ТОД БАЙ
Хэдэн арван үеэрээ тухайн газар оронд оршин суусан иргэд хэдхэн жилийн өмнө хайгуулаа эхэлсэн уул уурхайн компанийг хардах нь инстиктэд нь байх ёстой асуудал. Нутгийн иргэдэд итгэл бий болгохын тулд бүх мэдээлэл ил тод байх ёстой. Мэдээлэл ил тод байх тусам ард иргэдийн итгэл бий болж, улмаар өдөр тутмын үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлдөг байна. Өдгөө дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага ил тод гэх зарчим баримталж буй. Харамсалтай нь хөгжиж буй гэх тодотголтой ядуу буурай улс орнуудад мэдээллийн ил тод байдал туйлийн хангалтгүй байна.
Олон жил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, гаднынхантай хамт улс орноо дээрэмдсэн гэж нэрлэгдэж байсан Намибын улстөрчид оройтсон ч гэсэн уул уурхайн компаниудтай холбоотой мэдээллээ ил тод болгоод эхэлжээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй ийм төрлийн компани холбогдох мэдээллийнхээ 60-аас дээш хувийг олон нийтэд нээлттэй болгосон байна. Намиб улсад хөдөлгөөнт болон суурин интернетийн хүртээмж бага учир тухайн нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд 21 хоног тутамд нэг удаа тосгон бүрт нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг аж.
БОДЛОГООР ДЭМЖ
Бидэнтэй яг нэг ижил гараанаас эхэлсэн Казахстан улс үүнийг тэртээ эрт ойлгосон байдаг. Мэдээж хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхийн тулд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон хүмүүс байх учиртай. Мэдээж социалист лагерь нуран унасан тул Казахстанд хүссэн мэргэжилтэн байхгүй нь ойлгомжтой. Тийм учраас дэлхийн томоохон компаниудад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай гаднын мэргэжилтнүүдийг урьж авч ирсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Улмаар уул уурхай, ялангуяа нөхөн сэргээлтийн чиглэлээр маш олон оюутныг тэтгэлгээр суралцуулсан нь ч ихэд нөлөөлсөн байна.
Казахстан улс хариуцлагатай уул уурхайн тэргүүлэгч орны нэг болтлоо өдгөө үнэлэгдэж байна. Уул уурхайн зарим норм, нормативыг ч Казах түмний туршлагаас үндэслэн олон улсад мөрдөгдөх нэгдсэн стандарт ч бий болж байсан баримт бий.
НӨХӨН СЭРГЭЭХЭД УРАМШУУЛЪЯ
Персийн булангийн орнууд, Боливарын хувьсгал явагдахаас өмнөх Венесуэль, Каддафиг түлхэн унагахаас өмнөх Ливи улсад дээрх арга барилыг ашигладаг байлаа. Тухайн компани байгаль орчноо нөхөн сэргээсэн, мод, бут ургамал тарьсан зэргийг нь харгалзан улирал тутам урамшуулал олгодог байж. Зарим компанийнх нь татвараас чөлөөлдөг байлаа. Ингэснээр компаниудын нийгмийн хариуцлага илүү дээшлэх төдийгүй нөхөн сэргээх тоо ч улам нэмэгддэг аж. Яг одоогоор дээрх аргыг Канад, АНУ-ын зарим мужид ашиглаж байгаа. Хэдийгээр нөхөн сэргээлтийн тоо нэмэгддэг ч чанар дээшилдэггүй гэж үзэн Индонези, Филиппин улс энэ аргыг ашиглахаа больжээ. Гэхдээ хөгжлийн замдаа явж буй хөгжиж байгаа улс орнууд зарим талаар урамшууллын арга ашиглах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
* * *
Уул уурхай хэдийгээр аливаа улс орны хөгжлийн гол хурдасгуур байж болох ч яг нөгөө талд нь байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудал тулгамдаж байдаг. Зоосны хоёр талыг тэнцвэртэй байлгах олон арван аргыг хүн төрөлхтөн бодож олсон ч 100 хувь асуудлыг шийдсэн төгс арга барил одоогоор олдоогүй. Зарим улс нөхөн сэргээх бүрээр татвараа төлдөг, лиценз ашигласны төлбөрийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаанд өгөх, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтрах, байгаль орчин нөхөн сэргээх сайн дурын ажилтан гэх орон тоо нэмсэн ч үр дүн гаргаж чадаагүй байна. Өнөө цаг үед Чилийн арга барил зөв гэхээс илүүтэй үр дүнтэй болсон олон арга барилыг хослуулан ажиллаж буй компаниуд олон бий. Rio Tinto, Shell, British Petroleum, Exxon Mobil гэх мэтийн үндэстэн дамнасан томоохон корпорацууд тухайн улс орны бодлоготой уялдуулан, тухайн улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчин нөхцөлтэй уялдуулан нөхөн сэргээлтийн асуудалд анхаарч байна.
Сэтгэгдэл ( 1 )
.