Жеки Чан сая доллараар долоон цаг авч байжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Эдүгээ 65 настай нэрт жүжигчин Жеки Чаны жинхэнэ нэрийг Чан Конг Шэн гэдэг. Хөрвүүлбэл, Хонконгд Төрсөн гэх утгатай. Тэр 5.5 кг жинтэй төрсөн юм билээ. Том биетэй хүүхэд тул кесарев хагалгаа хийж төрүүлжээ. Мөн тухайн үед аав ээж нь ядуу тарчиг тул эх барих эмчид төлөх мөнгийг найз нөхдөөсөө зээлсэн гэдэг.

Жеки Чаны аав нь Хонконг дахь Францын Элчин сайдын яамны тогооч, харин ээж нь гэрийн эзэгтэй.

Аавыг нь Австрали дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллахыг урьснаар Жеки Чаныг Бээжингийн жүжигчний академид үлдээжээ. Тэрхүү сургуульд Жеки Чан арван жил суралцаж төгссөн юм. Хүүгээ Австрали авч яваагүй нь түүний ирээдүйг бодсон хэрэг байж. Жеки Чан багаасаа бие бялдар сайтай, овжин сэргэлэн хүү тул тэрхүү сургуульд олон талын авьяасаа хөгжүүлэх боломжтойг аав нь мэдэж байсан гэнэ.

Жеки Чан тулааны урлаг, акробат, жүжигчний ур чадвар, дуулах урлаг зэрэгт сайн суралцсан ч ердийн хичээлүүддээ онцгой муу. Ямартаа л сургуулиа төгсөхдөө хүртэл алдаатай бичдэг, зарим ханзыг уншиж чаддаггүй байв.

Сургуулиа төгссөний дараагаар ажил олж чадсангүй. Ингээд эцэг эх дээрээ очихоор Австралийн Канберраг зүглэжээ. Тэнд очоод барилга дээр Жеки гэх эрийн туслахаар ажиллаж эхлэв. Хятад нэрийг нь барилгын ажилчид дуудахаас төвөгшөөхдөө Жеки буюу “Жижиг Жек” гэж дуудсаар өөрийнх нь нэр шиг болгожээ.

Хожим Жеки Чан алдаршиж, мөнгө хөрөнгөтэй ч болов. Анхны сая доллар /хонконг доллар/-оо олчихоод түүгээрээ юу хийхээ мэдэхгүй хэсэг балмагдаж. Ингээд ямартай ч гарахаар шийдэж, хагас сая доллараа уутанд хийж аваад дэлгүүр зорьсон байдаг. Дэлгүүрт ормогцоо хамгийн үнэтэй цагийг заалгаж,  долоон цаг худалдан авч сая санаа нь амарчээ. Дараагийн долоо хоногт Жеки өдөр бүр өнөөх цагаа ээлжлэн зүүгээд алхаж явахдаа их жаргалтай байснаа дурссан нь бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top