Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялах нь тодорхой болоод байна. Тэрбээр өчигдрийн байдлаар урьдчилсан дүнгээр сонгогчдын 70.76 хувийн саналаар тэргүүллээ. Токаев бусад зургаан нэр дэвшигчээ ардаа хол орхив. Түүний ард Амиржан Косанов 15.5 хувийн саналтайгаар хоёрт явж байгаа бол гуравт цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Дания Еспаева 5.32 хувийн саналтайгаар явж буй. Үлдсэн нэр дэвшигчид нь 4 хувиас их санал авч чадаагүй юм.
ТОКАЕВ: ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭНД БАЯРЛАЛАА
66 настай Касым-Жомарт Токаев нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын тэргүүлдэг Нур Отан намаас нэр дэвшсэн билээ. Казахстаны Ерөнхийлөгч нь таван жилийн хугацаатайгаар сонгогддог. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын комиссын даргын мэдээлснээр сонгуулийн үеэр ноцтой зөрчил гараагүй байна. Мөн албаныхны мэдэгдсэнээр сонгуулийн өмнөх кампанит ажил соёлтой явагджээ. “Энэ нь Казахстанд улс төрийн соёл маш өссөнийг харууллаа” гэсэн байна. Сонгуулийг гадаад, дотоодын нийт 300 гаруй ажиглагч ажиглажээ.
Токаев ард түмэндээ хандан түүнд итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлжээ. Тэрбээр “Миний үүрэг бол анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хийж бүтээснийг хадгалж, шинэчлэлийн замаар урагшлах юм” гэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн төв хороо энэ сарын 16-наас өмнө зарлана. Нурсултан Назарбаевын залгамжлагч, итгэлт хүн нь болох Касым-Жомарт Токаев нь Назарбаев өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласнаар Казахстаныг түр удирдах болсон. 79 настай Назарбаевын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусах байсан ч тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.
КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВ ГЭЖ ХЭН БЭ?
Тэрбээр улс төрийн арвин их туршлагатай нэгэн. Тухайлбал, 2003-2007 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд, 2007-2011 онд Сенатын гишүүн, дарга, 2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Женев хот дахь НҮБ-ын Европын салбарын тэргүүнээр ажиллаж байв. Түүний талаар Нурсултан Назарбаев “Токаев Казахстаны тусгаар тогтнолын эхний өдрөөс эхлэн миний дэргэд ажилласан. Би түүнийг сайн мэднэ. Тэр шударга, хариуцлагатай, нөхөрсөг хүн. Улс орны бүх чухал хөтөлбөр түүний оролцоотойгоор бий болсон. Токаев бол бид Казахстаныг удирдуулахдаа итгэж болох тэр хүн” гэсэн удаатай. Түүнчлэн улстөрчид Токаевыг өөрийн гэсэн үзэл бодол, харах өнцөгтэй хүн гэж дүгнэдэг байна.
Касым-Жомарт Токаевын хувийн амьдралын талаар дурдвал, тэрбээр нэг хүүтэй. Эхнэрээсээ салсан. Хүү Тимур Касымжомартович Токаев нь нефтийн салбарт томоохон бизнес эрхлэгч.
ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд тус улсыг 30 орчим жил удирдсан Нурсултан Назарбаевын залгамжлагчийг сонгох түүхэн сонголтоо хийв. Гэхдээ өнгөрсөн ням гарагт эсэргүүцлийн жагсаал болж, 500 орчим иргэн баривчлагджээ. Тэднийг зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж баривчилсан байна. Сонгуулийг эсэргүүцэгчид санал хураалтыг шударга бус, чөлөөт биш байна гэжээ. Харин Касым-Жомарт Токаев “Сонгуулийн үйл явц нээлттэй, ардчилсан замаар явагдаж байна” гэсэн аж. 11 сая гаруй сонгогч санал өгөх эрхтэй байснаас 77 хувь нь саналаа өгчээ. Харин өмнөх сонгуулиар сонгогчдын 95 хувь нь саналаа өгч, тэдний 98 хувь нь Нурсултан Назарбаевыг сонгож байв.
Жагсаал Казахстаны нийслэл Нур-Султан, Алматы хотуудад болжээ.
НАЗАРБАЕВ ЯВААГҮЙ
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаа өгсөн ч улсынхаа Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ. Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа улиран сонгогдож байсан тэрбээр охиноо Казахстаны төрийн хоёр дахь том албан тушаалд томилсон билээ. Түүний том охин Дарига Назарбаева аавыгаа огцорсны дараахан Казахстаны Сенатын танхимын дарга болсон юм. Үүнийг ажиглагчид “Назарбаевын охин Бүгд найрамдах Казахстан улсын төрийн хоёр дахь том хүн боллоо” гэсэн билээ. Тус улсын улс төрийн тогтолцооны хоёр дахь том албан тушаалд түүний нэрийг шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэвшүүлжээ. Казахстаны Сенатын танхимын гишүүд 55 настай Дарига Назарбаеваг даргын албан тушаалд томилохыг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Дарига Назарбаева 2016 онд Сенатын дээд танхимын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр Казахстаны хоёр дахь Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бүх мэдлэг чадвараа ашиглан ажиллах болно гэдгээ амалсан.
Назарбаевын том охин 2003 онд улс төрийн нам байгуулж, орлогч даргаар нь томилогджээ. Харин 2006 онд тэрбээр намаа эцгийнхээ Нур Отан намтай нэгтгэв. Дарига Назарбаева мөн Казах, ОХУ-д мэдээгээ цацдаг “Хабар” агентлагийг хариуцан ажиллаж байсан билээ.
Назарбаев 30 орчим жил Казахстаныг удирдахдаа энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгчээ. Тэрбээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайлбал, Казахстан улс Европын холбоотой өргөтгөсөн түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсан Төв Азийн анхны улс юм.
Нурсултан Назарбаев нь Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1991 оны арванхоёрдугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлах үеэс 2019 оны гуравдугаар сар хүртэл тус улсыг удирдлаа. Казахстан бол хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (420 тэрбум ам.доллар) дэлхийд 43-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээгээр (24 мянган ам.доллар) Дундад Азидаа тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Манай эдийн засгаас 40 дахин том.1 казах 1монголоос 5 дахин баян эрүүл саруул эрч хүчтэй юмаа.
Манай эдийн засгаас 40 дахин том.1 казах 1монголоос 5 дахин баян эрүүл саруул эрч хүчтэй юмаа.
Манай эдийн засгаас 40 дахин том.1 казах 1монголоос 5 дахин баян эрүүл саруул эрч хүчтэй юмаа.