Татварын орлого оны эхний таван сард 3.6 их наяд төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тавдугаар сард 819.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 148.7 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 960.3 тэрбум төгрөгт хүрч, 83.9  тэрбум төгрөгөөр өсжээ.

Татварын нийт орлого оны эхний таван сард 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 639.7 тэрбум төгрөг буюу 21.7 хувиар  өсөхөд орлогын албан татвар 195.4 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 181.1 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 86.6 тэрбум төгрөг, онцгой албан татвар 68.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 60.7 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 48.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.5 хувийг татварын орлого, 8.3 хувийг татварын бус орлого, 9.6 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.6 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны эхний таван  сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 545.8 тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 344.8  тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 206.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 84.2 хувь, хөрөнгийн зардал 13.8 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.1 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top