Манай улс оны эхний таван сард дэлхийн 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.3 тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум ам.долларт хүрлээ. Тавдугаар сард экспорт 751.4 сая ам.долларт, импорт 548.8 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 11.1 сая ам.доллароор, импорт 68.3 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 514.5 сая ам.доллар, үүнээс экспорт 378.2 сая ам.доллароор, импорт 136.3 сая ам.доллароор тус тус өсжээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 241.9 сая ам. доллароор өсөж, 948.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл тавдугаар сард 202.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 57.3 сая ам.доллароор буурсан байна. Экспорт оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 378.2 сая ам.доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 168 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 136.3 сая ам.доллароор өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 36.8 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 46.1 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 100.6 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 96.6 хувийг эзэлж байгаа бол импортын 68.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )