#1 БУУДЛААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН 14, 17 НАСТАЙ ОХИД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай охинд согтууруулах ундаа хэрэглүүлж, согтсон үед нь бэлгийн харьцаанд орсон тухай болон насанд хүрээгүй хүүхдүүдэд буудлын үйлчилгээ үзүүлсэн талаар хохирогч охины ээж манай редакцад хандлаа. 14 настай А охин энэ сарын 16-ны өдрийн 15:00 цагаас хойш гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан байна. Иймд ар гэрийнхэн нь хайж, цагдаагийн байгууллагад хандсан ч үр дүнд хүрээгүй аж. Гэтэл охин тухайн өдрийн шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, III, IV хорооллын Бичилд байрлах "Сод" төвийн зочид буудлаар 17 настай Б гэгч охин, 20 настай эрэгтэй М нарын хамт үйлчлүүлсэн нь тогтоогджээ. Буудалд хоноглохдоо М нь А охинтой бэлгийн харьцаанд орсноо хүлээжээ. Мөн тэд "Сод" төвийн зочид буудалд үйлчлүүлэхээсээ өмнө Баянхошуунд байрлах Б охины гэрт залуучуудын хамт пиво уужээ. Энэ үедээ 14 настай А, 17 настай Б нар нь залууст хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг охины ээж өглөө. Охиныг алга болсноос хойш ар гэрийнхэн нь хайж, найз нөхөдтэй нь холбоо тогтоосноор маргааш өдөр нь буюу 2019.06.17-нд охиноо олж авчээ. Охины эцэг, эх цагдаагийн байгууллагад хандаж, "Сод" төвд очсон юм. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс буудлын үйл ажиллагааг шалгаж, үзлэг хийсэн ба энэ үед хэргийн газарт манай сэтгүүлч ажиллаж, болсон явдлыг тодрууллаа.
#2 ХОТЫН УТААГ ХОТЫН ДАРГА “ХАР ТОЛГОЙ”-ГООРОО ХАРИУЦАХ УУ?!
Жилийн жилд хотын утаа, агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс хэдэн арван тэрбумыг зарцуулдаг ч өнөөг хэр нь үр дүнгээ өгөөгүй. Харин ч эсрэгээрээ утаа мөнхийн "сэдэв" болон үлдэж, үе үеийн Засгийн газрын "шүдний өвчин" болсоор иржээ. Яг энэ зовлонг туулж яваа У.Хүрэлсүхийн Засгийн газар гэр хорооллын айл, өрхүүдийг утаанаас салгах гарц, гаргалгааг тодорхойлсон нь түүхий нүүрсийг хэрэглээнээс халах шийдвэр байлаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдол, утаа 50 хувь буурахгүй бол түүний хариуцлагыг Хотын дарга С.Амарсайхан “хар толгой”-гоороо хариуцна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хатуу анхааруулж, хариуцлагатайгаар мэдэгдлээ. Учир нь, хотын утааг бууруулах чиглэлээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар хангалттай ажилласан гэж Ерөнхий сайд үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас шаардагдах бүх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, хөрөнгө мөнгө гаргаж шахмал түлшний үйлдвэр барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн овоолго, нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт, судалгааны цех, үйлдвэрлэлийн шугам зэргийг нь шийдэж өгсөн.
#3 Д.ЗОЛБОО: ШХАБ-Д ХЭРХЭН ХАНДАЖ БАЙГААГААС МОНГОЛ УЛС БУСАДТАЙ ХАМТАРЧ ЧАДДАГ УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГЭЭ ХАРУУЛНА
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. 1996 онд тавхан улсын тоонд эргэлдэн “Шанхайн Тав” гэдэг егөөдсөн нэртэй болсон энэ байгууллага 2001 оноос албажиж, албажсанаас хойш дөрвөн жилийн дараа Монгол Улс ажиглагчийн статустай болжээ. Ажиглагч болсон цагаас их гүрнүүдийн ашиг сонирхол биднийг элсүүлэх дээр л байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ШХАБ-д элсэх тухай яриа эрчимжиж, элсэхгүй л бол томоохон төслүүд хөдлөхгүй гэдгийг төрийн гурван өндөрлөг сануулсаар буй. ШХАБ-д элсэх цаг нь болсон эсэх, гадаад бодлогын салбарт мерит зарчим байгаа эсэх асуудлаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.
-ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-д элсэх тухай яриа хөрөө улс төрийн хүрээнийхэнд сүүлийн хоёр жил газар авлаа. Зарим нь элсэж орвол занганд, зарим нь бүс нутгийн томоохон төслүүдэд хамрагдахад ашигтай гэсэн олон байр суурьтай байна. Анх байгуулагдсан зорилгоосоо хазайсан ч гэж дүгнэх хүмүүс байна. Ер нь Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон уу?
-Товчхондоо ШХАБ бол “хадны мангаа” биш. Таны хэлж байгаа шиг зарим судлаачид ийм үзэл бодолтой байгаа. Цаг хугацааны шалгуур даваагүй, ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй ч гэж ярьдаг. Манай хүрээлэн л гэхэд байгуулагдаад 50-иад жилийн нүүрийг үзэж байгаа гэхэд сүүлийн 19 жилд энэ чиглэлийн судалгаа хийсэн байна. ШХАБ яагаад байгуулагдав, ШХАБ-д элсэж болох уу гэдэг сэдвээр хоёр ч суурь судалгаа явуулсан. Энэ утгаар нь харвал монголчуудын мэдэхгүй “хадны мангаа” биш юм. Элсэх шаардлагатай юу, цаг нь мөн үү гэдэг дээр л гол маргаан өрнөж байгаа. Хэрэв орсон тохиолдолд яах вэ? Бүрэн эрхийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ? гэдэг дээр одоо өрнөөд байгаа маргаан мэтгэлцээнээс тусдаа асуудал. Мэдэхгүй байгууллага руу чирч оруулах гээд байна гэж бодоод хэрэггүй.
#4 АЯЛАЛ ЯГ РОК ШИГ...
“Ууланд авирахын юу нь тийм сайхан юм бэ?” гэж би олон уулчнаас асуухыг хүсэв. Гэсэн ч асуусангүй. Хэрэв асуусан бол тэд өөр өөрсдийнхөө өнцгөөс хамгийн үнэ цэнэтэй хариултыг хэлэх байсан нь ойлгомжтой. Энэ бол аялал дөнгөж эхлэх үед төрсөн бодол л доо. Улаанбаатараас Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Хархираа нурууны уулс хүртэл 1500 гаруй км. Хархираа нурууны Мөст оргил далайн төвшнөөс дээш 4100 метр өндөрт оршино. Монгол орны үзэсгэлэнт, сүрлэг уулсын нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ урт замыг нэг тийм хургасан айдсыг өөртөө тээн туулж байв. Хөндлөнгийн хүмүүсээс нууцалсан энэ мэдрэмж нэг талаар сэтгэл хөдөлгөж догдлуулах ч “айдас” гэж тодорхойлвол илүү тохиромжтой санагдана. Бид зорьсон газраа хүрэхийн тулд Төв, Архангай зэрэг аймгаар дайран өнгөрч 15 цагийн турш давхисаар Завхан аймгийн Тэлмэн нуурын эрэгт оройн нар жаргахтай зэрэгцэн ирлээ. Бид гэдэг нь Хархираан уулсын оргилд болох Монголын уулчдын цугларалтыг зорьж буй Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй тал талаас цугласан уулчид.
Тэнгэрийн хаяа улаарч, ягааран хачин жигтэй өнгө будгийг цогцлоожээ. Үдэш хавирган сар нуурын мандалд ойн харагдах нь юутай сэтгэл татам. Их ус, далай тэнгист буй бүхнээрээ татагддаг надад өндөр уулс угаас сүрдэм, сонин байлаа. Ийн бодоход илүү хол, бүр алс хол, бүр их өндрийг зоримоор. Аялагчид майхнаа босгож, аяны хоолоо хийхээр гал өрдөж эхлэв. Уулчдын яриа маш сонирхолтой. Бидний дунд “AC/DC”, “Metalica”, “Iron Maiden” гэх дэлхийн шилдэг рок гурван хамтлагийн тоглолтын үзсэн уулчин ч байв. Түүний яриаг “хөгшин рокууд” хэмээн үргэлжлүүлэхэд уурлаж буй нь чин сэтгэлийнх.
#5 ТОЙМ: ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ХОНКОНГИЙН ТЭМЦЭЛ
Тэнгэр баганадсан өндөр цамхаг, хөрөнгө мөнгө, тансаг брэндийн хот Хонконг дахиад л үймээн, хүчирхийллийн мананд хучигдлаа. Сая сая жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, хэдэн зуун хүн баривчлагджээ. Ард түмнийг хилэгнүүлсэн шалтгаан нь “Гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хууль”. Хэрэв энэ хуулийг батлавал Онцгой бүс гэгддэг Хонконг Коммунист Хятадын эрхэнд улам бүр орно гэдгийг хонконгчууд сайн ойлгож байгаа. Хуулиас гадна бас нэгэн зүйл байгаа нь Бээжингийн хэлсэн үг бүрийг дагах орон нутгийн захиргаа. Мөнгөтэй баян тансаг Хонконг хотын эдийн засгийг удирдан зохион байгуулаад явж чадахгүй байгаа түшмэлүүдэд ард түмэн эгдүүцэн уурлаж байна. Энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчуудын жагсаал намжих биш харин ч улам эрчимжиж, шинэ шатандаа ороод байна. Хонконгийн Засгийн газраас зөрчил үүсгэсэн хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулсан ч жагсагчид хуулийг бүрмөсөн халахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлжээ. Ирэх долоодугаар сарын 1-нд болох Хонконг Хятадад шилжсэний ойгоор тус улсын түүхэнд үзэгдээгүй том эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа хөдөлгөөнийхөн мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )