ТОЙМ: Эрх чөлөөний төлөөх Хонконгийн тэмцэл

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Тэнгэр баганадсан өндөр цамхаг, хөрөнгө мөнгө, тансаг брэндийн хот Хонконг дахиад л үймээн, хүчирхийллийн мананд хучигдлаа. Сая сая жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, хэдэн зуун хүн баривчлагджээ. Ард түмнийг хилэгнүүлсэн шалтгаан нь “Гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хууль”. Хэрэв энэ хуулийг батлавал Онцгой бүс гэгддэг Хонконг Коммунист Хятадын эрхэнд улам бүр орно гэдгийг хонконгчууд сайн ойлгож байгаа. Хуулиас гадна бас нэгэн зүйл байгаа нь Бээжингийн хэлсэн үг бүрийг дагах орон нутгийн захиргаа. Мөнгөтэй баян тансаг Хонконг хотын эдийн засгийг удирдан зохион байгуулаад явж чадахгүй байгаа түшмэлүүдэд ард түмэн эгдүүцэн уурлаж байна.

Энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчуудын жагсаал намжих биш харин ч улам эрчимжиж, шинэ шатандаа ороод байна. Хонконгийн Засгийн газраас зөрчил үүсгэсэн хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулсан ч жагсагчид хуулийг бүрмөсөн халахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлжээ. Ирэх долоодугаар сарын 1-нд болох Хонконг Хятадад шилжсэний ойгоор тус улсын түүхэнд үзэгдээгүй том эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа хөдөлгөөнийхөн мэдэгдээд байна.

Ялах хүртлээ тэмцэнэ

Өнгөрсөн ням гарагт Хонконгийн гудамжинд хоёр сая хүн жагссан нь эрх  чөлөөнд дуртай Хонконгийн эсэргүүцлийн түүхэнд гарч байгаагүй үнэмлэхүй рекорд байлаа. Зургаадугаар сарын 12-нд болсон эхний жагсаалд сая гаруй хүн оролцож, цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий ашиглан тараасан билээ. Энэ удаагийнх тайван амгалан өнгөрсөн ч жагсагчид Хонконгийн Засгийн газрын тэргүүн Кэрри Ламыг огцруулах шинэ шаардлага тавьсан.

Кэрри Лам хэвлэлийн бага хурал дээр Хонконгод нуугдаж байгаа гэмт хэрэгтнүүдийг Хятадын шүүхэд шилжүүлэн өгөх хуулийн төслийг хэлэлцэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа зарлаад “Манай Засгийн газар шүүмжлэлийг хүлцэнгүйгээр хүлээн авч байна” гэж мэдэгдсэн. Ингэлээ гээд эсэргүүцэл багассангүй. Хонконгчууд хуулийн төслийг хойшлуулах биш бүр мөсөн цуцлах хүртэл тэмцэнэ гэдгээ зарлан, шинэ зохион байгуулалтад шилжжээ. Анхны жагсаалыг цагдаа нар хүчээр тараахад резин сум, нулимс асгаруулагч хийнд 80 хүн хордож, гэмтсэн. Засгийн газар иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэсэн, үүнийхээ төлөө уучлалт гуйгаагүй гэдэг нь жагсагчдын бас нэгэн шаардлага болжээ. Одоо тэд Кэрри Ламыг албан тушаалаа өгтөл тэмцэх болно.     

Сонин тохиолдлоор энэ сарын 17-нд Хонконгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Жошуа Вонг шоронгоос гарч таарлаа. Вонг бол 2014 оны Хонконгийн “Шүхрийн хувьсгал” хөдөлгөөний нөлөө бүхий гишүүн. Вонг суллагдсанаа ард түмнийг тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан жиргээгээр тэмдэглэсэн. Ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн шинэ удирдагчтай болж, хүрээгээ улам тэлнэ гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Хонконгийн их сургуулийн Хятад судлалын төвийн улс төр судлаач Уилли Лам гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Хуулийн төслийг бүр мөсөн цуцлахаас нааш жагсагчид зогсохгүй. Гэхдээ Кэрри Ламыг огцруулах нь хэцүү. Сүүлийн үед Бээжингийн итгэл найдварыг алдсан ч гэсэн түүнээс өөр энэ албанд тавих хүн алга. Бээжинд үнэнч, Хонконгод нөлөөтэй тийм залгамжлагч олоогүй цагт Хятадын Засгийн газар Ламыг бүрэн эрхийн хугацаа нь дуустал халахгүй” гэж ярьж байна.

Энэ бүх явдлыг дүгнэн үзэхэд долоодугаар сарын 1-нд Хонконгод тус онцгой бүсийн хувь заяаг өөрчлөх хэмжээний маш том жагсаал болох нь гарцаагүй. Харин наана нь Засгийн газраас ямар амлалт өгч, мөргөлдөөнөөс хэрхэн зайлсхийх бол гэдэг сонирхолтой. Хонконгод урьд өмнө ч эсэргүүцлийн хөдөлгөөн олон өрнөж байсан. Хүмүүс долоо хоног, хэдэн сараар жагсаж, суулт зарлаж байлаа. Одоо ч гэсэн олон хоног үргэлжлэх шинжтэй байна.

Эрх чөлөөнд дуртай Хонконг

БНХАУ-ын “Нэг улс, хоёр систем” бодлогын дагуу Хонконг, Макао нь Хятадын бусад мужаас илүү онцгой эрхтэй. Хууль эрхийн салбарт ч тусгай бүс тул Хонконг эх газрын Хятадад гэмт хэрэгтэн, сэжигтнүүдийг шилжүүлэн өгөхгүй байх бүрэн эрхтэй. Яагаад шинэ хуулийн төсөл хэлэлцэх болсон нь Тайваньд болсон явдалтай холбоотой. Хонконгийн нэгэн иргэн Тайваньд аллага үйлдээд Хонконгдоо буцан ирсэн. Тайваньтай гэмт хэрэгтэн харилцан шилжүүлэх гэрээ байхгүй тул түүнийг Тайваньд хүлээлгэн өгөх ямар ч эрхзүйн үндэс байсангүй. Ийм шалтгааны улмаас  “Гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хууль” батлах гэж оролдсон ч нутгийн иргэд үүнийг Хонконгийн ардчилалд халдах гэсэн Бээжингийн ээлжит оролдлого гэж хүлээн авсан юм.

Үнэндээ энэ хууль бол Хонконгийн иргэдэд ямар ч хамаа байхгүй хууль. Хонконгийн иргэнийг эх газрын Хятадад шилжүүлэх биш Хонконгод орогнон нуугдаж байгаа хятад гэмт хэрэгтнүүдийг л Бээжинд хүлээлгэн өгөх хуулийн төсөл байлаа. Тэгэхээр хонконгчуудын эсэргүүцлийн гол шалтгаан нь энэ хууль биш, нийгэмд хуримтлагдсан өөр асуудал байгаа нь тодорхой.    

Хонконгчууд тусгай бүсийн хувьд Хятадын бусад мужаас илүү эрх чөлөөтэй. Энэ эрх чөлөөгөө тэд нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг. Хятадын мэдэлд орсноос зургаан жилийн дараа буюу 2003 онд хагас сая хонконг иргэн гудамжинд “23 дугаар зүйл” хэмээх баримт бичгийн эсрэг нэгдэн жагсаж байлаа. Энэ баримт нь БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулах, бослого хөдөлгөөн зохион байгуулахыг хориглох хуулийн төсөл байсан юм. Эсэргүүцсэний дүнд хууль ч батлагдаагүй, тэр үеийн Засгийн газар нь ч огцорсон билээ.

2014 онд тэд сонгуулийн бодлогыг эсэргүүцэн дахин жагссан. Тэд Хонконгийн удирдагчийг Бээжингээс биш, хонконгчууд дотроосоо томилдог байхыг хүсч байв. Жагсагчдыг цагдаа нар нунтаг чинжүү бүхий нулимс асгаруулагч ашиглан тарааж, жагсагчид  шүхэр хэрэглэн, биеэ хамгаалж байлаа. 2014 оны эсэргүүцлийн тэр 79 хоногийг Барууны хэвлэл мэдээллийнхэн “Шүхрийн хувьсгал”, “Шүхэрт хөдөлгөөн” гэж нэрийдсэн түүхтэй. Гэхдээ энэ хөдөлгөөн хуулийг өөрчилж чадаагүй, амжилтад хүрээгүй юм.

Хэрэв одоо жагсагчдад буулт хийх юм бол хонконгчууд улам ихийг шаардана гэдгийг Бээжин сайн ойлгож байгаа. Тиймээс цаг хожиж, эсэргүүцлийг сунжруулан, удирдагчдыг нь түүн баривчилж, эрчийг нь сулруулах арга хэмжээ авах болов уу. Ингээд дарагдахгүй бол хүч хэрэглэн тараахаас өөр аргагүй болно. Харин хонконгчууд одоо тарах юм бол ирээдүйн эрх чөлөө нь улам хумигдана гэдгийг мэдэж байгаа.

“Гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хууль” эрт орой хэзээ нэгэн цагт батлагдах нь ойлгомжтой. Энэ нэрээр биш гэхэд ямар нэг хувилбараар хэрэгжээд эхэлнэ. Харин одоо энэ хууль Бээжинд ч, хонконгчуудад ч сонирхолтой биш болжээ. Эсэргүүцлийг эхлүүлсэн гол шалтгаан нь хэрэггүй болсон ч жагсаал үргэлжилсээр байгаагийн гол шалтгаан нь эрх чөлөө. Ирэх долоодугаар сарын 1-нд юу болохоос Хонконгийн хувь заяа шийдэгдэх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top