Улаанбаатар хотод энэ сарын 5-6-нд болж өнгөрсөн Улаанбаатарын яриа хэлэлцээрийн үр дүн, хэлэлцсэн асуудлаар The Diplomat сэтгүүлд нийтэлжээ. АНУ-ын Колумбиа их сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн ахлах судлаач, Монклейр их сургуулийн Төрийн удирдлагын салбар сургуулийн профессор Элизабет Уишник "Монгол Улс хэрвээ зөв зохион байгуулалттай, зоримог алхам хийж чадвал Зүүн хойд азийн гүүр болох боломжтой"-г онцлон тэмдэглэжээ. Хэрэв зоримог алхам хийлгүй энэ хэвээр алгуур хандвал хонгил болж үлдэх эрсдэлтэйг ч онцолсон байна. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ 2019 оны зургадугаар сарын 5-6-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болов. Нийт 200 гаруй хүн оролцсон том уулзалт нь 1.5 түвшний албаныхан, судлаачдыг холбодог томоохон уулзалт. Зүүн Хойд Азийн шүдний өвчин болсон Солонгосын хойгийн асуудлыг, тэр дундаа Умард Солонгосыг бусадтай зуучлах үүрэг хүлээдэг энэ уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн уулзалтад Умард Солонгосын төлөөлөгчид оролцох байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас оролцохгүй болсон нь хүлээлттэй байсан зарим улсын төлөөлөгчийн гонсойлгосон хэрэг болсон юм. Энэ уулзалтаар зөвхөн аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарыг ярьдаггүй. Ялангуяа энэ жилийн уулзалтад эдийн засгийн интеграцид нэгдэх, сэргээгдэх эрчим хүчээр бүс нутгийн хэрэглээг хангах зэрэг стратегийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хөндөн хэлэлцсэн юм.
Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс энэ том яриа хэлэлцээний гол дүр болж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтыг зохион байгуулах улсын нэгээр яригдаж байсан энэ улс бүс нутагтаа аюулгүй байдал тогтоохын тулд эх орондоо зургаан удаа хэлэлцээ зохион байгуулж бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцжээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын тодорхойлсноор Монгол Улс “энх тайвны гүүр” болох бүрэн боломж байгаа аж. Хуучин социализмын хүж барин гүйж байсан энэ улс одоо ардчиллын галыг тулгандаа ноцоож бүс нутагтаа үлгэрлэж байгаа цөөхөн улсын нэг. Гэхдээ Умард Солонгосын замналыг өөрчилж нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжүүлэх явц амаргүй байх нь тодорхой. Энэ амаргүй үйл явцыг даван туулахын тулд Монгол Улс үүрэг хүлээн зуучилж байгаа нь анхаарал хандуулах ёстой асуудал юм.
Монгол Улсын хувьд Умард болон Өмнөд Солонгостой аль, алинтай нь уламжлалт найрсаг харилцаатай. Ялангуяа Өмнөд Солонгостой түүхэн уламжлалт харилцаатай явж ирсэн цөөхөн улсын нэг нь Монгол Улс гарцаагүй юм. Сүүлийн үед соёл, ажиллах хүчний салбарт гүн бат харилцаа тогтоогоод байна. Гүн бат харилцаа тогтоосон гэдгийг илтгэх нэг том баримт бол 2018 онд Умард Солонгосын ажилчдыг нутгаасаа гаргасан явдал. Олон улсын томоохон улсуудын хийсэн энэ үйл ажиллагааг Монгол Улс Умардад ч Өмнөдөд ч буруу ойлголт үлдээхгүйгээр их аятайхан шийдсэн нь онцлох тэмдэглэх ёстой зүйл юм.
Одоогоос зургаан жилийн өмнө 2013 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Умард Солонгост айлчилж байлаа. Цөмийн зэвсгийн хэд, хэдэн туршилт хийсэн нь олон улсад шүүмжлүүлээд байсан бэрх цаг. Энэ бэрх цагт ардчилсан улсын Ерөнхийлөгч эх оронд нь айлчлаад зогсохгүй Ким Ир Сенийн нэрэмжит их сургуульд энх тайвны талаар лекц уншчихаад буцсан юм. Өмнөд Солонгосын цөмийн зэвсгийн талаарх зургаан талт яриа хэлэлцээ бүтэлгүйтэж, татан буугдаад байх хүнд цаг үеийг орлосон уулзалт бол яах аргагүй Улаанбаатарын яриа хэлэлцээ юм. Үүнд Умард ч, Өмнөд ч анхаарал хандуулж харилцаагаа ойртуулах боломж гэж харсан. АНУ, ОХУ, Япон зэрэг улсууд ч хэлэлцээ хийх боломжтой, нээлттэй индэр гэж дүгнэсэн учраас энэ яриа хэлэлцээрт ач холбогдол өгдөг аж.
Яг одоогоор Монгол Улсад өмнө нь олдож байгаагүй боломж ирээд байна. Цаг хугацааны хувьд ч, түүхэн нөхцөлийн хувьд ч, их гүрнүүдийн бодлогын хувьд ч тэр. Гэхдээ гадаад бодлогоо илүү тодорхой, бүтээлч болгох нь чухал байна. Магадгүй орчин цагийн хамгийн том сорилт нь ч энэ байж болно. Гуравдагч хөрш гэж тодорхойлсон бодлогоо хоёр их гүрний эрх ашигт тааруулан шинэчлэхээс өөр сонголт Монгол Улсад хараахан байхгүй болов уу?
Ардчилсан Монгол Улс, Умард Солонгостой найрсаг харилцаатай цөөхөн улсын нэг. Улс болж тусгаар тогтноод байхад нь дипломат харилцаа тогтоосон анхны улс нь Монгол. Одоогийн удирдагч Ким Жон Ун-тай уулзсан гадаад улсын төрийн тэргүүн нь Ц.Элбэгдорж. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ким Жон Ун-ыг эх нутагтаа урьсан нь онцгой тохиолдол байлаа. Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо Улаанбаатар хотод айлчлав. Хоёр улсын дипломат харилцаа тэгш ойд зориулсан энэ айлчлалаар Солонгосын хойгийн аюулгүй байдал, хоёр улсын дипломат харилцааг шинэ шатанд гаргах хэд, хэдэн асуудлаар хэлэлцсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байв. Цөмийн зэвсэггүй гэж зарласан Монгол Улс асар хүчтэй хоёр улсын голд байрладаг. Хувь заяаны тохиолоор “пуужинтай бацаан” гэж цоллуулж байсан Умард Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэх үйлсэд Монгол Улс оройлон оролцож байна. Умард болон Өмнөдийн харилцаа аажимдаа сайжирна гэдэг Монголын төрийн өндөр албаныхан ч итгэдэг энэ цаг үед яриа хэлэлцээ шинэ шатанд гарч уур амьсгал зөөлөрч байгаад сэтгэл хангалуун байгаа.
Монгол Улсад зуны халуунтай зэрэгцэн яригдаж буй чухал сэдэв бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад жинлэх тухай асуудал. ОХУ болон БНХАУ-ын зүгээс ч жинхлэх нь ашигтай гэж ятгаж байгаа нь нотлох албагүй үнэн. Монгол Улс ШХАБ-д 2004 оноос хойш ажиглагчийн статустай байж ирсэн. Гэвч ШХАБ-ын гол дүр болсон ОХУ, БНХАУ-тай гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар хэлэлцэж байгаа нь ШХАБ-ыг зүгээр орхиж болохгүй томоохон шалтгаан юм. Дотоодын зарим улс төрч БНХАУ, ОХУ гэсэн мөнхийн хоёр том хөрштэйгөө харилцаагаа зузаатгах, илүү ойртох томоон боломж гэж харж байгаа. Гэхдээ зарим нь их гүрнүүдийн тавьсан хавханд сайн дураараа явж орно гэж эмээж буй. Монгол Улсын тодорхойлсон гуравдагч хөршийн бодлого ч алдагдах нигууртай гэж эмээж байгаа. Гуравдагч хөршийн бодлоготой энэ улс өнгөрсөн зун Восток ОХУ-ын цэргийн хээрийн сургуульд оролцсон нь Монгол Улсыг судалдаг зарим судлаачдын нүдийг орой дээр нь гаргаж байлаа. Тэр судлаачдын нэг нь би.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзаж, “Гурван улсын эдийн засгийн коридор”-ыг батлан 32 багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь мөнхийн хөршүүдийн харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам байлаа. Гэвч хувь улс төрчдийн бодол байр суурь нь хоорондоо сөргөлдөж байгаа нь энэ хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжээгүй гэдгийг нотлох нэг үзүүлэлт. Одоогоор дээрх 32 багц хөтөлбөрийн аль нь ч бодит утгаараа хэрэгжиж эхлээгүй байна. ОХУ, БНХАУ ч энэ хөтөлбөрт ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлсон баримт бичиг байхгүй. Гэхдээ цаад санаа нь сайхан л даа. Үүнтэй адилхан яриа нэг хэсэг газар авсан нь Монголын нутгаар байгалийн хийн хоолой дайруулах тухай яриа байлаа. Хэрэв Монголын нутгаар дайруулбал Хятадын хувьд үзэл суртлын асар их маргаантай Шинжааны нутгаар дайруулахаас өөр аргагүй болох тул бодит ажил хэрэг болоход төвөгтэй асуудал. Гэвч ОХУ-аас судалгааны ажлаа эхний ээлжид гарга гэх чиглэл өгсөн тул мөрөөдөл болоод замхарчихаагүй байна.
Яг одоогоор Монгол Улсад өмнө нь олдож байгаагүй боломж ирээд байна. Цаг хугацааны хувьд ч, түүхэн нөхцөлийн хувьд ч, их гүрнүүдийн бодлогын хувьд ч тэр. Гэхдээ гадаад бодлогоо илүү тодорхой, бүтээлч болгох нь чухал байна. Магадгүй орчин цагийн хамгийн том сорилт нь ч энэ байж болно. Гуравдагч хөрш гэж тодорхойлсон бодлогоо хоёр их гүрний эрх ашигт тааруулан шинэчлэхээс өөр сонголт Монгол Улсад хараахан байхгүй болов уу?
Элизабет Уишник
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: