Арабын орнууд Израилын НҮБ-ын гишүүнчлэлийг царцаахыг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

Арабын лиг болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Израилд зэвсэг нийлүүлэхийг хязгаарлахын тулд бүхий л хүчин чармайлт гаргана гэж Эр Рияд хотноо болсон Араб, исламын дээд хэмжээний уулзалтын дүнгээр гарсан мэдэгдэлд онцолжээ.

“Al Hadath” сувгийн дамжуулснаар, дээд хэмжээний уулзалтын оролцогчид Израилд зэвсэг экспортлохыг хориглох чиглэлд хамтран ажиллах, далайн тээврийн коридорын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Арабын лиг болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд Ливаны Засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тус улсын эдийн засгийг дэмжих талаар хамтран ажиллахаар эрмэлзэнэ. Түүнчлэн, талууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан тусгай хараат бус комисс байгуулан, Газын зурваст Израилын үйлдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримтыг устгахаас сэргийлэх, буруутанд хариуцлага тооцохыг шаардав.

Талууд Газын зурваст Израилын армийн үйлдсэн аймшигт гэмт хэргийг үй олноор хоморголон устгах хэмээн тодорхойлж, энгийн иргэдийг цаазлах, эрүүдэн шүүх, олноор нь булшлах, ор сураггүй алга болгох, тонон дээрэмдэж буйг эрс буруушааж буйгаа илэрхийлжээ.

Дээд хэмжээний уулзалтын оролцогчид Израилын НҮБ-ын гишүүнчлэлийг царцаах арга хэмжээ авахаар тохиролцсон тухай Арабын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абуль Гейт мэдэгджээ. Палестинчуудыг хамгаалах хамгийн шуурхай арга бол НҮБ-ын Аюулгүй байдлын шийдвэр. 36 зүйл заалт бүхий мэдэгдэлд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар Израилын гишүүнчлэлийг царцаах шийдвэр гаргуулахын төлөө арабын болон исламын орнуудын хамтран ажиллахаар заасан гэж Абуль Гейт онцолсон байна.

Энэ сарын 11-нд Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо Палестин, Ливаны асуудлаарх Араб, исламын дээд хэмжээний уулзалт болов. Дээд хэмжээний уулзалтад Арабын лиг болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын 50 гишүүн орны удирдагчид оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top