Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн-д 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Итгэмжлэх захидлаа өргөн барив.
Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн АСЕАН-ы дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилогдон Итгэмжлэх захидлаа өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Энхтайван Зүүн өмнөд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд АСЕАН чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. Бүс нутгийн нэгдмэл байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх хийгээд дэлхийн нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд АСЕАН-ы харилцан хүндэтгэх, хамтран ажиллах, энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн зарчим, үнэт зүйлсийг нэгэн адил хүлээн зөвшөөрч Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 2005 онд нэгдэн орсон ба АСЕАН-ы үйл ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй оролцох, АСЕАН болон түүний гишүүн орнуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлэх, АСЕАН-тай түншлэлийн харилцаа тогтоох хүсэл эрмэлзлэлтэй байгааг дахин нотолж, Монгол Улс, АСЕАН-ы харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс АСЕАН-ы дэргэд анхны Элчин сайдаа 2014 онд тохоон томилсон ба Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Энхтайван нь Монгол Улсаас АСЕАН-д дэргэд суугаа гурав дахь Элчин сайд болж байна.
Сэтгэгдэл ( 0 )