Энэ асуултад одоогоор ҮГҮЙ гэж хариулахаар байна. Барилга хот байгуулалтын яам, Японы “JICA” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан “Ази Европын бүс нутгийн логистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг” чуулганаар гадаадын судлаачид хэллээ.
Төмөр замын ачаа тээвэр муу, томоохон төслүүд нь хөдөлж өгдөггүй, төрийн албаны давхардал чирэгдэл ихтэй энэ салбар одоогоор тэсэж үлдэх, чигээрээ хөгжихийн яг зааг дээр зогсож буй. Олон жил ярьсан боомт хотууд, чөлөөт бүсүүдийн сураг ч одоогоор алга. Биднийг юу ч үгүй, учраа олохгүй сууж байхад БНХАУ “Нэг бүс, нэг зам” санаачилгаар улс орнуудыг уриалж, АНУ болон барууны улсуудад ёвруулсан ОХУ “Евро азийн эдийн засгийн нэгдэл” гэгчийг байгуулан зүүн европ болон төв европын улсуудыг дагуулан дуудаад байна.
ТЭНДЭЭ ГАЦСАН ТӨМӨР ЗАМЫН САЛБАР
Энэ үгийг би биш мэргэжилтнүүд хэлж байна. Тэр дундаа гаднын мэргэжилтнүүд. Хоёр гүрэнтэй ашигтай наймаа хийж чадахуйц төмөр замтай болно гэж хэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн бодлого тогтвортой хөгжлийн бодлого болж нэрээ солин, Сайншанд болон Чойрын чөлөөт бүс нээгдэнэ гэсэн үгтэйгээ цаасан дээр үлдээд хоцорчхож.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д төмөр замын тухай үг өгүүлбэр “Логистик” гэх чамин үгээр солигджээ. Төмөр зам зөвхөн Ухаа Худаг-Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам, Богд хан, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам гэх томьёолол болсон байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д “Эдийн засгийн өсөлтийг хангах, зам тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлнэ” гэх хэсэгт тусгагдсан дээрх асуудлууд гурван үе шаттайгаар 2030 он хүртэл хөгжинө.
Хоёр их гүрний хоорондын тээвэрлэлтэд дунд нь сувд шиг хавчуулагдсан гэж өөрсдийгөө өхөөрддөг Монгол Улс ямар ч оролцоогүйгээр барахгүй сүүлийн долоон жил тээвэр хийгдээгүй байна.
Харин БНХАУ болон Европын холбооны улсуудад хийх тээвэрт 10 хүрэхгүй мянган тонн бараа тээвэрлэж байгаагийн 99.8 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа аж. Нэг ёсондоо олборлосон хэдэн нүүрсээ уурхайн ам нөхцөлийн үнээ шууд зардгаас өөрөөр гол дүр болохгүй байна.
ЦААСАН ДЭЭР МӨРТЭЙ ТӨСЛҮҮД
Бүр ор тас гацчихсан гэвэл хараахан үгүй. Төмөр замын төв болон хойд коридор гэсэн хоёр том төсөл бий. Монгол-Орос-Хятад улсын төрийн тэргүүд 2014 онд Душанбе хотод уулзахад “Гурван улсын эдийн засгийн коридор” гэх төсөл хөтөлбөрт дээрх хоёр төслийг багтаажээ. Гоё нэртэй, сайхан боломж олгох энэ төсөл нэг гэм нь цаасан дээр л байгаа.
Төмөр замын коридор төсөл нь “Улаан Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн цав-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин” чиглэлийн төмөр замын сүлжээ юм. Одоо байгаа Дорнод Монголын төмөр замын сүлжээг шинэчлэх, хос замтай болгох, цахилгаанжуулах энэ хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэлийг судалж байгаа аж. Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн одоо байгаа төмөг замыг ч мөн адил орчин үеийн шаардлагад нийцүүлэхээс өөр аргагүй. Одоо ямар байдалтай байна вэ гэж үү. Та таасан байх ТЭЗҮ-г судалж байгаа.
Богд уулын энгэр тойрон байрлах “Богд хан” төмөр замын төслийг Азийн хөгжлийн санхүүжилтээр судалгааг нь эхлүүлж, ТЭЗҮ боловсруулах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Супер гүрнүүдийн супер нэгдэлд багтахын тулд Улаанбаатар төмөр замын ачаа тээвэр 100 сая тонн хүртэл ачаа тээвэр эргэлддэг байх учиртай. Үзэл баримтлалын дагуу 100 сая тонн болгохоор мэргэжлийнхэн судалгаагаа хийж байгаа. Гэхдээ одоохондоо цаасан дээрээ л байна. Хэрэв уншигч та таасан бол төмөр замын хойд коридор төсөл ч цаасан дээр байгаа. Курагино-Кызыл-Цагаан толгой-Арц суурь, Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин чиглэлийн энэ төмөр замын төслийг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар “Нортерн Рейлвейс” компанитай 2015 он концессын гэрээ байгуулж 2017-2019 оны хооронд төмөр замын барилгын ажил эхлээд дуусах байсан ч эхлээгүй байна.
“ОРОС ЭМЧИЙН ОНОШ"
Цаасан дээр мөртэй хэдэн төсөл, цагийн сайханд амлаж байсан улс төрчдийн лоозон төдий амлалтаас өөрөөр энэ салбар одоохондоо хөгжөөгүй байна. Хятад руу уул уурхайн тээвэр хийхээс өөрөөр хөгжөөгүй энэ салбар хөгжих шинж байна уу? Байна аа. Японы Засгийн газрын хэрэгжүүлдэг “JICA” төслийн судлаачид Монголын төмөр замыг ирээдүйтэй гэж харж байна. Ердөө 30 хүрэхгүй жилийн өмнө биднийг ардчиллын галаа ноцоочих гээд үзэж тарж байх үед Малайз улс Японы судалгааны дагуу төмөр замаа хөгжүүлж эхэлжээ. “Алтан дугуй” гэх нэртэй төсөл эдийн засгийн гурван том төслөө даган нийслэл хотынхоо нисэх онгоцны буудалтай уялдуулан хөгжүүлж чадсан байна. Үр дүн нь 15 жилийн дараа мэдрэгдэж, зөвхөн худалдааны салбараа л өөд нь татна гэж дүгнэж байсан энэ төслийн ачаар аялал жуулчлалын салбар нь ч гэрлийн хурдаар хөгжих болжээ. Малайзын нийслэл хот-Малакка-Сингапур чиглэлд хөгжүүлсэн төмөр болон агаарын замын тээвэр одоо бүс нутагтаа хамгийн завгүй логистикоор нэрлэгддэг. Малайз бидэн шиг байгалийн баялаг гэхээр зүйлгүй тул байгаль эхийн үзэмж, архитекторын уран бүтээлээ үзүүлэх аялал жуулчлалын салбараа түшиглэн “Алтан дугуй”-гаа эргэлдүүлсэн байна. Биднээс ялгаатай нь тэд цаасан дээр үлдээлгүй ханцуй шамлаад ажилдаа оржээ.
Японы судлаачид төмөр замын өмнөд, хойд, төвийн гэсэн гурван коридороо нэн даруй барьж уул уурхай, аялал жуулчлалын салбараа хооронд нь уялдуулахыг зөвлөж байна. Эдийн засгийн солонгоруулах гээд манантуулчихсан 20 илүү жилийн туршлагыг таягдан хаях сайхан боломж нь угтаа энэ аж. Байгалийн тансаг үзэмжээ байгалийн баялагтайгаа уялдуулаад хөгжүүлчхэж яагаад болохгүй гэж. Тэдний тооцоолж буйгаар энэ төслийг тус бүр нь 10 жилийн хугацаанд хөгжүүлж, 30 жилийн дараа төсөл цогцоороо хэрэгжиж эхэлнэ. Гэтэл бид ердөө таван жилийн өмнө байгуулагдсан “Оюу Толгой”-н ашгийг бага гэж чамлан алаагүй баавгайн арьсыг арав хувааж идэх гэж байгаа гашуун туршлагатай шүү дээ.
“Аливаа төсөл урт хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх ёстой ажлуудаа төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлээд алхам алхмаар хөгжүүлбэл хурдан хөгжих боломжтой. Монгол Улсын төмөр замын салбар хурдан хөгжих боломжтой салбар. Маш том эдийн засагтай хоёр их гүрний дунд байгаа энэ салбар хөрш орнуудынхаа эдийн засгийн аливаа нэгдэлд цаг алдалгүй орох ёстой. Төв болон хойд төмөр замын коридороо гараанаас гаргаад өмнөд төмөр замын бүс гэж гаргаад аялал жуулчлалын салбараа өөд нь татвал Малайзаас илүү үр ашигтай байх болно” гэж Токиогийн их сургуулийн Инженерийн салбар сургуулийн Системийн инновацын тэнхимийн туслах профессор Риуичи Шибасаки ярьсан юм.
* * *
Аливаа зүйл зөвхөн хандлага. Хандлага ямар байгааг цаасан үлдсэн хэдхэн төслүүдээс харж болохоор байна. Хамгийн харамсалтай нь “Ази Европын бүс нутгийн логистикийн чиг хандлага” гэх энэ том хуралд Барилга хот байгуулалтын яамны хэлтсийн дарга сэтэртэй нэгэн ирсэнгүй. Хурал зохион байгуулсан Япончууд 40 минут хүлээгээд аргаа барахдаа энэ хурлыг эхлүүлсэн юм. Даргын хандлага ямар байгаагаас салбарын хөгжил ямар байгааг харж болно. Эцэст нь Токиогийн их сургуулийн эрдэмтдийн хэлснийг сануулъя. “Дарга хурлаас хоцорсон ч төмөр замын салбар хоцорч болохгүй” гэж.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913