Давхар зориулалттай усан онгоцны технологи нэвтрүүлэхийг уриална

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Цэргийн усан онгоц болгож тоноглох боломжтой давхар зориулалттай усан онгоц үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх, Америкийн усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, энэ салбарт хамтран ажиллахыг АНУ-ын засаг захиргаа Японы эрх баригчдад уриалах бодолтой байна гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сайд Жон Фелан Японы Nikkei сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Хятадын тэнгисийн цэргийн флот болон усан онгоцны аж үйлдвэрийг судлахдаа миний нэг ажигласан зүйл бол тэд арилжааны хөлөг онгоцнуудын зураг төслийг тэдгээрийг цэргийн зориулалттай болгох боломжийг харгалзан боловсруулдаг явдал юм. Хятадын тал энгийн усан онгоцнуудаа нэлээд богино хугацаанд цэргийн болгож тоноглож чадна. Бид ингэдэггүй хэдий ч ийм технологи нэвтрүүлэх нь маш чухал хэмээн би боддог” гэж Фелан тэмдэглэсэн байна.

Цэргийн зориулалтаар ашиглахаар тоноглох боломжтой энгийн арилжааны усан онгоцнууд үйлдвэрлэхийг Вашингтон Токиод зөвлөж байгаа ажээ. Энэ сэдэв АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад их таалагдаж байгаа гэнэ. Түүнээс гадна АНУ-ын баруун эрэг дэх усан онгоцны үйлдвэрүүдэд хөрөнгө оруулахыг Жон Фелан Японы компаниудад санал болгох юм байна. Түүний хэлснээр, усан онгоцны үйлдвэрлэлээр БНХАУ-аас нэлээд хоцорч байгааг багасгахын тулд АНУ болон түүний холбоотнууд маш хурдан ажиллах хэрэгтэй, эс бөгөөс алдагдсан хугацааг нөхөх маш хэцүү болох ажээ.

Nikkei сонинд бичсэнээр, дэлхийн усан онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 5%-ийг бүрдүүлж байсан Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд энэ үзүүлэлтээ 50% хүртэл өсгөж чадсан байна. Хятадын дараа орж байгаа Өмнөд Солонгос болон Япон улс нь дэлхийн усан онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 29% болон 13%-ийг тус тус эзэлж байгаа юм. Харин АНУ-д усан онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 0,1% ногдож байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu