ЗИНДАА 2019.06.24 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

#1 МОНГОЛ УЛС - НЭГ ТОЙРОГ ГЭДЭГ ХУВИЛБАР БҮТЭШГҮЙ БОДЛОГО

УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жилд парламент Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шинэ төсөл оруулж ирж хэлэлцдэг нь уламжлал болжээ. Уламжлал ёсоор энэ удаагийн парламент ч сонгуулийн дүрмийг орвонгоор нь өөрчилж, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог байх, намууд 76 нэр бүхий жагсаалт гаргаж байгаад пропорциональ системээр сонгуулийг явуулах төслийг УИХ-д өргөн бариад байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн сүр дуулианд дарагдаад анхаарал татах, ажил хэрэгч шүүмж мэтгэлцээн өрнөх боломжгүй нөхцөл байдал дунд Сонгуулийн тухай хуулийг баталж болзошгүй байгаа нь энэ удаагийн онцлог. Магадгүй эрх баригчид үүнийг хүсч байж ч болох юм. Учир нь өмнөх туршлагуудаас харахад Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг батлахдаа үргэлж гарцаагүй байдал руу буюу ёстой л нөгөө “цаг хугацааны хайчин гал” руу оруулж байгаад эцсийн кноп дардаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүрмийг өөрчлөх хориотой сонгуулийн өмнөх зургаан сар хэмээх цаг хугацааны хязгаарлалт руу шахаж байгаад баталчихдаг гэмтэй. Бүх л зүйл эрх баригчдын санаснаар, эсвэл тэнд суудалтай хоёр намын тохиролцсоноор цаг хугацааны шахалтан дунд бандан тас болдог. Энэ удаад ч уг технологийг хэрэгжүүлэх магадлал бий.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ТАВАНТОЛГОЙГ ТАЛ БОЛТОЛ ТОЛХИЛЦСОН З.ЭНХБОЛД, М.ЭНХСАЙХАН ХОЁРЫН ҮГС

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж, уулзалт хийх үеэрээ Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар Тавантолгой орд газартай холбоотой хэрэг явдлыг шалгуулах хүсэлт тавьж буйгаа илэрхийлсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт М.Энхсайханыг нэг хоног саатуулаад, сулласан үйл явц бол Ерөнхийлөгчийн иргэнийхээ хувиар гаргасан хүсэлтийн дагуух процесс юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг” гэсэн билээ. Эргэн санахад, өнөөдөр Ерөнхийлөгчид шадарлаж буй З.Энхболд  спикер байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний "төгсгөл” хувилбарыг М.Энхсайханы хэлж яриад байгаа шиг байлгахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан.  Харин М.Энхсайханы тухайд  удаа дараа хариулт өгөхдөө Мега төсөл бол нүдний цөцгий мэт эмзэг гэх агуулгыг дайж байв. 

Тэрбээр  "Мега төсөл дарга цэргийн харьцаагаар, нэг нь нөгөөгөө үгэндээ оруулж явдаггүй юм. Мега төсөл бол шинжлэх ухаан, өөрийн аргазүйгээр явдаг. Тэрхүү шинжлэх ухаанч байдал, арга зүйгээ зөв ойлголцож чадаж байна уу, үгүй юү гэдэг мэдээллийн зөрүү л УИХ-ын дарга бид хоёрын дунд байгаа юм болов уу. Түүнээс биш, "тэг” гэсэн командаар явдаг мега төсөл гэж хаана ч байдаггүй юм” гэж байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 СУРВАЛЖИЛГА: Л.ПҮРЭВБААТАРЫН ХАУСЫГ ХУРААН АВЛАА

"Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг өнөөдөр /2019.06.24/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан албан ёсоор хүлээн авч, лацадлаа.Энэ үеэр Л.Пүрэвбаатар "Энэ байрыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга нар надад авч өгсөн. “Та энэ байранд амьдар. Бид танд сайн байр авч өгнө. Та авлига авч болохгүй. Байраар хангана" гэж хэлсэн. Надад унадаг галт тэрэг, машин өгсөн. Орон сууцаар хангасан. Тэгээд Хан-Уул дүүрэгт авч өгсөн юм. Шүүхийн шийдвэр монгол хүний хаана амьдрах эрх хэмжээг хязгаарласан. Намайг Баянголд амьдардаг байж Хан-Уул дүүрэгт байр авлаа гэсэн. Энэ бол хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгахгүй. Энэ байрыг чөлөөлөх, тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг Д.Жигжиднямаад даалгасан. Тэр мэдэгдлийг хүлээж байсан гэхэд болно. Энэ байр бол "Улаанбаатар төмөр зам"-ын хөрөнгө. Монголынх биш Оросын хөрөнгө" гэх тайлбарыг өглөө.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4 СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛД ТАВАН ТҮРҮҮ ХҮРТСЭН “УВС НУУР” ГАЛЫНХАН

Монгол түмний их цэнгэл баяр наадам эхлэхэд хоёрхон долоо хоногийн хугацаа үлдлээ. Уяачид хурдан морьдоо үсэргэж, хүчид бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнээ бэлтгэлдээ гарч, эрхий мэргэн харваачид нь нумаа эвшээлгэн байна. Ардын хувьсгалын 97 жилийн ой, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх тодорсон Увс аймгийн “Увс нуур” бөхийн галаар өнгөрсөн бямба гарагт зочиллоо.

“Увс нуур” галынхан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Харзтайн аманд байрлах “Шүтээн” амралтын баазад бэлтгэлдээ гарчээ. Увсынхан энд сүүлийн есөн жил наадмын бэлтгэлээ хийж буй юм. Энэ сарын 9-нөөс Увс нуур галынхан бэлтгэлдээ гарсан байна. “Увс нуур” галын ерөнхий дасгалжуулагчаар Увс аймгийн Хяргас сумын уугуул, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, Улсын заан О.Одгэрэл, түүний туслах дасгалжуулагчаар Увс аймгийн Хяргас сумын уугуул Улсын начин С.Батсуурь ажиллаж байна. О.Одгэрэл заан өнгөрсөн жил мөн “Увс нуур” галынхаа бөхчүүдийг дасгалжуулж, Н.Батсуурь арслан түрүүлж, аварга цолонд хүрсэн байна. Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр, харцага А.Бямбажав тэргүүтэй улсын болон аймгийн цолтой, залуу бөхчүүд нийлсэн 60 орчим бөх бэлтгэлээ базааж байна. Ням гаригт  Бөхийн өргөөнд болсон хүчит бөхийн барилдаанд зодоглохоор арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй улсын болон аймгийн цолтой бөхчүүд хот руу явсан байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 #PRAY4DULGUUN: О.ДӨЛГӨӨНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

О.Дөлгөөн. Оюутны лигт гялалзсан, залуу авьяастан О.Дөлгөөн үнэ цэнэтэй тоглогчийн шагналаа эдлэн, АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэж, АНУ-аар аялж явсан түүнд зовлонгийн сүүдэр нөмөрч, хүндээр өвчлөн, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байна. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштойгоор биеийн байдал нь маш хүнд байгаа түүнд туслах хөдөлгөөн фейсбүүк орчинд өрнөөд байна. Түүнд туслах гэсэн сайхан сэтгэлтнүүдэд дараах зөвлөгөөг хүргэе.


#PRAY4DULGUUN ДАНГААРАА ҮР ДҮНГҮЙ

Фэйсбүүк компани олон нийтээс хандив цуглуулах уриалгыг илүү үр дүнтэй болгохын тулд тусгайлан цэс нээсэн. #Pray4Dulguun бол зөвхөн олон хүнийг хандив өгөхийг уриалсан үйлдэл. Ингэж уриалбал олон хүнд хүрэх учраас чагт ашиглан уриалах боломжийг олгожээ. Тиймээс дангаараа өөрийнхөө профайл дээр #Pray4Dulguun гэж бичээд ямар ч нэмэргүй гэсэн үг. Коммент хэсэгт бусад групп хуудаснуудад постлоод ч нэмэргүй. Дахин хэлэхэд энэ бол олон хүнийг уриалах, араасаа дагуулах л нэг арга.

ҮР ДҮНТЭЙ БОЛГОХ АЛХМУУД

Хэрэв та О.Дөлгөөнд үнэхээр чин сэтгэлээсээ туслахаар бол дараах алхмуудыг хийгээрэй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top