Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний В, С вирусийн халдвартай гэж гарчээ. Монгол Улсын засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд В, С вирусийг илрүүлэг болон тоолох шинжилгээг үнэгүй хийж байгаа юм. Гэсэн хэдий ч элэгний өвчлөл "дүлий" байдаг болохоор хүмүүс тэр бүр тоогоод байдаггүй гэж хэлж болно. Харин Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүнд туслах аян сошиал орчинд давлагаалж хүн хэлэхээс цааш, цаас чичихээс нааш гэдэг шиг хэн хүнгүй л ухаарсан уу гэлтэй элэгний В болон С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, В вирусийн эсрэг вакцин хийлгэх гэсэн хүмүүс нэмэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачаалал ихэсжээ. Энэ талаар сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорилоо.
Биднийг очиход ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын тасаг хүн ихтэй байв. Энд байгаа хүмүүсийн олонх нь 20-30 насны залуучууд байлаа. Тэд харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг дээрээ элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг хийлгэн В вирус илрээгүй учраас энд вакцин хийлгэхээр ирсэн гэж ярьж байлаа. Хэрвээ цусанд В вирус илэрвэл вакциныг хийхгүй бөгөөд ачаалал тоолох шинжилгээнд орж эмчийн зааврын дагуу эм уух ёстой аж. Монгол улсад 1991 оноос хойш хүүхдийг төрсний дараа вакцинжуулж эхэлсэн. Үүний үр дүнд В вирусийн халдвар буурсан. Гэхдээ вакцины титр /Цусан дахь эсрэг В вирусийн хэмжээ/ маань 7-8 нас хүрэхээр буурдаг. 12-13 насанд бүрэн алга болдог. Тийм учраас дахин вакцинжуулалтад хамрагдахгүй бол В вирусийн халдвар авах эрсдэлтэй юм.
В вирусийг удаан тээвэл элэг хатуурч, улмаар хавдар болон амь насанд хүрэх аюултай гэдэг. Тэгвэл В вирусээс хэрхэн хамгаалах, дэглэм сахих талаар ХӨСҮТ-ийн эмч, доктор Б.Саруулаас тодруулсан юм.
-В вирусийн хувьд хэр аюултай вирус вэ?
-Элэгний архаг үрэвсэл үүсгэж, цаашилбал амь насанд хүргэдэг элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Тийм учраас В вирусийн халдвараас өөрийгөө зайлшгүй хамгаалах нь ёстой. В вирусийн хувьд вакцинтай халдвар учраас өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломж байна.
-В вирусийн эсрэг вакцины талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улс 1991 оноос хойш энэ вакциныг хийж байгаа. Вакцин хийсний үр дүнд манай улсын 0-5 насны хүүхдүүдийн дундах В вирусийн халдвар 0.53 хувьд хүрч буурсан. Ази Номхон далайн бүсийн орнуудын зорилт хоёр хувь байдаг ба вакцины ач тусаар цочмог В вирусийн өвчлөл эрс буурсан. В вирусийн халдваргүй нь шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд В вирусийн эсрэг вакцин хийгдэх бөгөөд гурван удаагийн давтан тунгийн дараа вакцины дархлаа 10-15 жилийн хугацаанд тогтоно. Эхлээд В вирусгүй гэсэн шинжилгээний хариу нэг сарын дотор байх ба эхний нэг дэх тунгаас хойш 45 хоногийн дотор 2дахь тунгаа, хоёр дахь тунгаас хойш зургаа дахь сардаа 3 дахь тунг хийнэ. Ингэснээр дархлал бүрэн тогтоно.
-Өдөрт хэдэн хүн В вирусийн эсрэг вакцин хийлгэж байна вэ?
-ХӨСҮТ-д өдөрт дунджаар 150-160 хүн В вирусийн эсрэг вакцин хийлгэдэг ба, өнгөрсөн оны хувьд 36564 хүн энэхүү вакциныг хийлгэсэн байна. Ажлын цагаар 8:30-14:30 цагийн хооронд хийгдэж байгаа. Нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэнэ. Таны тушаасан мөнгө дархлаажуулалтын санд тушаагддаг болно.
-Энэ вакциныг хаана хийлгэж болох вэ?
-Улаанбаатар хотын хувьд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн амбулаторийн тасаг дахь дархлаажуулалтын кабинетад хийгдэж байгаа.
-В вирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа хориглох зүйл байгаа юу?
-Вакцин хийхэд эсрэг заалт харьцангуй бага. Вакцин хийсний дараа даарч хөрөхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хэт ядрахгүй байх шаардлагатай.
Элэгний хавдар үүсгэдэг вирусийн тухай
Дэлхий дээр нийтдээ элэгний өвчин үүсгэдэг есөн төрлийн вирус байдаг. Монгол Улсад элэгний өвчлөл үүсгэдэг таван төрлийн вирус нь оношлогддог байна. Хүүхдүүд цэцэрлэг, яслид байхдаа голдуу тусдаг халдварт шар өвчин. Үүнийг А вирусийн элэгний үрэвсэл гэж нэрлэдэг. 2012 онд вакцинтай болсноос хойш хүүхдүүдийн дундах өвчлөл эрс буурчээ. ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин хийдэг болсноос хойш 23 дахин буурсан гэсэн үзүүлэлт гарсан ба жилд өвдөж буй хүүхдүүдийн тоо 30 орчим байна. Хүүхдүүд А вирусийн халдвараар өвдсөн тохиолдолд өвчин архагшдаггүй эдгэрэлт сайтай байдаг аж. Е вирусийн халдвар бол бохирлогдсон ус, хоол хүнс, бохир гараар дамжин элэгний өвчлөл үүсгэдэг байна. Энэ вирусийн аюултай нэг шинж чанар нь бохирлогдсон усаар тархдаг учир хүн амыг олноор өвдүүлэх эрсдэлтэй.
Жирэмсэн болон настай хүмүүс хүнд өвдөх магадлалтай. Гэхдээ харьцангуй эдгэрэлт сайтай байдаг өвчин. Энэ өвчлөл нь манай улсад 2015-2016 оны хооронд 14 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин B, C, D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар дамжсан халдвар, мөн бэлгийн замаар халдаж болно. Гараа эсгэх, ил шарх, батга шахах тохиолдолд ч В вирус халдварлах боломжтой. Хаанаас л цус гарч байна түүгээр халдана гэж ойлгох хэрэгтэй. Маникюрын мах авдаг багаж, шүдний чигчлүүр, үсний сам, сахлын татуурга гээд хаагуур арьс гэмтэж цус гарч байна түүгээр халдах эрсдэлтэй. Судалгаагаар 1960,1970-аад оны үед шилэн тариураа айлаас айлд дамжуулан хэрэглэснээр халдвар маш их тархсан гэж үздэг. Одоо нэг удаагийн тариур хэрэглэж байгаа ч маникюр, гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх, чих цоолох, косметик хагалгаа, шүдний эмнэлгийн багаж хэрэгслээр халдвар дамжих эрсдэл өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )