ЗИНДАА 2019.07.10 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

#1 ШИНЭ БАРИМТ: УСНААС ҮНЭТЭЙ МӨНГӨ БУЮУ “САУД ГОБИ КОАЛ ТРАНС”-ЫН БОДИТ ҮНЭН

Говийн бүс нутаг усны нөөц угаасаа багатайг  монголчууд бид бэлхнээ мэднэ. Говь нутагт илүүдээ гарсан ус гэж огт байхгүй. Хэдийгээр говь нутгийн байгалийн тогтоц нь гүний усаа зохист хэмжээгээр нь гадарга руу юүлж  хүн, ургамал, амьтнаа тэтгэж байхаар заяагдсан ч хүний буруутай үйл ажиллагааны уршгаар жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдах эрсдэлт нөхцөл байдал үүссэнийг ярихаас өөр сонголт алга байна. Үүнийг ярихын тулд бид эдийн засагт өгөөж дагуулдаг уул уурхайн салбар руугаа нухацтай харах хэрэгтэй болно.

Уул уурхай манай эдийн засагт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ мөнгө дагуулдаг салбар гэдэг нь ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙ-г зөвтгөх  үндэслэл биш. Энэ салбар дахь техник технологийн хөгжил дэвшил цаг минутаар хэмжигдэн урагшилж буй ч дэлхий нийтэд  уул уурхайн салбараас хариуцлага нэхдэг, шаарддаг жишиг нэгэнтээ тогтсон. Ерөөс газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа, түүгээр мөнгө босгохдоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, бүс нутгийн иргэдийн амар тайван амьдрах орчныг үгүй хийх эрх уул уурхайн салбарынханд байхгүй. Тэдний үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж буй эсэх, тэд хариуцлагаа ухамсарлаж буй эсэхийг төрийн байгууллага шат шатандаа хянаж байх ёстой л доо. Харамсалтай нь төр засаг  өөрөө хариуцлагагүй уул уурхайн өмнө хүчин мөхөстөж, нунж дорой байх дүр зураг олон улсад байдаг. Манайд ч байна. Тиймээс ч амьдрах орчноо, уух усаа, үрсээ үлдээх нутаг орноо хамгаалан тэмцэх иргэдийн дуу хоолой тасрахгүй байгаа нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагатайгаар эрхлэхэд анхаардаг компаниуд бийг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч улайм цайм нутаг орны байгаль орчинд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж буй компанийн талаар хэлж, ярихаас өөр сонголт байхгүй. Уг нь хэвлэлийнхний хувьд энэ бол сонголтгүйгээр, арилжааны өнцөггүйгээр харж, уудлах ёстой сэдэв билээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 Б.БАТ-ЭРДЭНЭ: ХЭН ЁС ЖУДГАА ДЭЭДЭЛЖ ЧАДСАН ТЭР ХҮН Л САЙХАН БАРИЛДАНА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та бол төрийн хар хүн. Төрийн түшээ. Үүний зэрэгцээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн үндэсний бөхийн их аварга. Тиймээс ярилцлагаа улс төрөөс чөлөөлж үндэсний бөхийн уламжлал, түүх соёл, жудаг, ёс зүйн талаар ярилцах гэсэн юм. Мэдээж бөх хүнийг нутаг ус нь дагаж явдаг гэж ярьдаг. Ойрд нутаг орноороо очив уу?

-Нутаг усаараа очилгүй яах вэ. Манай Өмнөдэлгэр сум эртнээсээ хөдөлмөрч, авьяастан, хүчит бөхчүүдээрээ алдартай. Хууль зүйн ухааны доктор Г.Баярхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Д.Энхзулаас эхлээд олон гавьяат манай сумаас төрсөн. Өмнөдэлгэр сум маань 2011 онд Засгийн газраас зарласан “Улсын тэргүүний сум” шалгаруулах уралдаанд зүүн бүсээсээ анх удаа шалгарч тэргүүний сум болж байлаа шүү дээ. Мөн 2015, 2016, 2018 онд улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан. Манай сумын нэг онцлог нь уул уурхайгаас ангид, мал аж ахуйдаа суурилж, газар тариалан түшиглэсэн тийм л нутаг.

Засгийн газраас Хан Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” нутаг болгон зарласан. Бүх монголчуудын хамгийн сайн мэдэх Бурхан халдун уул манай сумын нутагт сүндэрлэж байна. Нэгэн цаг үед Монголын оюун санааны охь болсон Балдан Брайбун хийд ч Өмнөдэлгэр суманд байдаг гээд бод доо. Ар Халхын Утай цагаан гүмбүн гэж нэрлэдэг байлаа. Хангалын нуур, Өглөгчийн хэрэм гээд түүх дурсгалын олон арвин өвийг хадгалж үлдсэн өлгий юм. Би 1981 онд 17 настайдаа Өмнөдэлгэр сумынхаа наадмын шигшээ барилдаанд зодоглон үзүүрт үлдэж байлаа. Намайг үндэсний бөх хэмээх ариун цагаан дэвжээнд ойртоход маш том түлхэц болсон гэж боддог. Манай нутгийнхан наадмын торгон ногоон дэвжээгээ буурь сэлгэлгүй миний багад барилдаж байсан тэр л дэнждээ одоо ч нааддаг. Өлзийгөө өгсөн сайхан нутаг даа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 ДУРСАМЖ: МИНИЙ ҮЗЭЭГҮЙ ХАДААТАЙ НААДАМ

Тэр жил би цэрэгт мордов. 1992 оны зургадугаар сард л даа. Карантин дээр, “сул ард” явсан хүн “эх орны хүү” болох гэж “хатаагдаж” байх үеэр буюу наймдугаар сарын эхээр манай сумын наадам болох гэж байгаа дуулдав. Эргэцэх, зэрэгцэх… элдэв командын завсар дундуур наадам, наадмын тухай бодол тархинд үржээд болдоггүй. Улсын начин Д.Багахүү ах явах тухай сонсдов. Цагтаа чөлөөтөөр олимп, дэлхийн аварга алдарт Дэвид Шульцыг олон улсын тэмцээнээр ялж дэлхийн чихийг дэлдийлгэж явсан мань эр ч аймагтаа бол хааш хаашаагаа элбэг, илүү хүн. Баараггүй түрүүлж таараа. Түүний цаана аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшинтөр, аймгийн заан “Жөө” Бямбаа, сумын заан “Бабек” Чулуунбаатар, Оюундарийн Мөнгөн, Батсуурийн Төмөр-Очир, Дамирандоржийн Ганхуяг гээд “аваргууд” олон бий. За тэгээд хөрш зэргэлдээ Номгон, Цэций, Ханбогдын ногт ганзагалсан идэр жавхлант эрс наадмын өглөө нэрээ бүртгүүлээд зогсч байхыг байг гэх газаргүй л хуна. Уяач ч олон очно. Уламжлалаараа Цээнзэн баваагийн хурдан цоохрууд, Жуурайдорж гуайн хэдэн хонгор, Цэндоо, Цогт, Цэрэнпил, Цэдэн-Иш… эднүүсийн л морьд наадмын өнгийг тодорхойлно доо хэмээн улс өөр хоорондоо хэлэлцэж, элдэв яриагаа хуушуур, чихэр жимс, айраг сархадтайгаа холин зажилж, залгилж байгаа даа гэж бодохоос нойр хулжина. Тэгтэл бас нэгэн амттай яриа гарав. Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган борооны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /А.Ганбаатар начин/, Халхын домогт Хадаа /Д.Хадбаатар аварга/, улсын наадамд түрүүлэн түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат… өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Тэд Баян-Овоо сумын наадамд очихоор явж байгаа л гэнэ. Ай мөн нүсэр том наадам болох нь дээ гэлцэнэ.  Энэ чимээ дуулианаар барилддаг болгон, тэднийг балиашигладаг болгон Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Бие цэргийн хуаранд ч сэтгэл минь аль хэдийнээ тэдэнтэй хамт нутгийн гүнж их замд гарсан байв…

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4 "ЭМЭЭЛТ"-Д ХОНЬ 130-250, ЯМАА 110-170 МЯНГЫН ҮНЭТЭЙ БАЙНА

Үндэсний их баяр наадам болоход нэг хоног үлдлээ. Энэ өдрүүдэд "Эмээлт" зах хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Өнгөрсөн жилийг бодоход энэ жил хонь, ямааны үнэ нэмэгдсэн талаар иргэд ярьж байна. Тиймээс манай сурвалжлах баг "Эмээлт" захыг зорьсон бөгөөд биднийг очиход хонь, ямаа худалдаж авах гэсэн наадамчин олны хөлд дарагдсан байлаа. Иргэдийн ярьж байсан шиг энэ жил хонь, ямааны үнэ нэмэгджээ. Ченжүүд хонийг тарган, туранхайгаас нь шалтгаалж 130-250 мянган төгрөгөөр зарж байна. Харин ямаа 110-170 мянган төгрөгийн үнэтэй байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 ТУРКИЙН НААДАМ ТҮРҮҮЛСЭН БӨХӨӨ 250 МЯНГАН ДОЛЛАРООР БАЙЛЖЭЭ

Туркийн Эдирне хотод кыркпынар хэмээх турк үндэсний бөхийн наадам болж өнгөрлөө. Бөхчүүд үхрийн арьсан өмд өмсөж, биеэ тосоор тосолдог тул барьц авах, мэх хийхэд тун хүндрэлтэй. Зарим хэвлэлд тосон бөх ч гэж нэрлэдэг юм. Өрсөлдөгчөө мөрөн дээрээ өргөж гаргах, газарт унагаахад ялалт авна. Кыркпынар бөх хамгийн удаан үргэлжилдэг тэмцээн гэж Гиннесийн номд бүртгэгдсэн. Тосолсон биетэй бөхчүүд барьцгүй тул барилдаан удаан үргэлжлэх нь аргагүй юм.  XIV зууны үед үүссэн энэ бөхийн хамгийн том наадам Эдирне хотод болдог. Энэ жил 658 дахь удаагаа зохиогдож байна. Энэ жилийн аваргаар Али Гюрбюз тодорч, алтан бүс, 250 мянган ам.долларын шагнал хүртлээ. Али багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж, идэрчүүдийн ДАШТ-ээс медаль хүртэж байсан бөх. Олимпын аварга Таха Акгультэй авьяас чадвар тэнцүү гэгдэж байсан ч аав нь түүнийг үндэсний бөхөд урвуулсан түүхтэй. Гюрбуз үндэсний бөхийн наадамд гурван удаа түрүүлсэн ч 2012 оны түрүүг нь сэргээшийн хэргээр хураасан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top