Говийн бүс нутаг усны нөөц угаасаа багатайг монголчууд бид бэлхнээ мэднэ. Говь нутагт илүүдээ гарсан ус гэж огт байхгүй. Хэдийгээр говь нутгийн байгалийн тогтоц нь гүний усаа зохист хэмжээгээр нь гадарга руу юүлж хүн, ургамал, амьтнаа тэтгэж байхаар заяагдсан ч хүний буруутай үйл ажиллагааны уршгаар жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдах эрсдэлт нөхцөл байдал үүссэнийг ярихаас өөр сонголт алга байна. Үүнийг ярихын тулд бид эдийн засагт өгөөж дагуулдаг уул уурхайн салбар руугаа нухацтай харах хэрэгтэй болно.
Уул уурхай манай эдийн засагт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ мөнгө дагуулдаг салбар гэдэг нь ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙ-г зөвтгөх үндэслэл биш. Энэ салбар дахь техник технологийн хөгжил дэвшил цаг минутаар хэмжигдэн урагшилж буй ч дэлхий нийтэд уул уурхайн салбараас хариуцлага нэхдэг, шаарддаг жишиг нэгэнтээ тогтсон. Ерөөс газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа, түүгээр мөнгө босгохдоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, бүс нутгийн иргэдийн амар тайван амьдрах орчныг үгүй хийх эрх уул уурхайн салбарынханд байхгүй. Тэдний үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдаж буй эсэх, тэд хариуцлагаа ухамсарлаж буй эсэхийг төрийн байгууллага шат шатандаа хянаж байх ёстой л доо. Харамсалтай нь төр засаг өөрөө хариуцлагагүй уул уурхайн өмнө хүчин мөхөстөж, нунж дорой байх дүр зураг олон улсад байдаг. Манайд ч байна. Тиймээс ч амьдрах орчноо, уух усаа, үрсээ үлдээх нутаг орноо хамгаалан тэмцэх иргэдийн дуу хоолой тасрахгүй байгаа нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагатайгаар эрхлэхэд анхаардаг компаниуд бийг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч улайм цайм нутаг орны байгаль орчинд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж буй компанийн талаар хэлж, ярихаас өөр сонголт байхгүй. Уг нь хэвлэлийнхний хувьд энэ бол сонголтгүйгээр, арилжааны өнцөггүйгээр харж, уудлах ёстой сэдэв билээ.
Хариуцлагагүй уул уурхайн тод жишээг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт хийж буй “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагаа харуулж буйг энд тодотгоё. Магадгүй уншигч та уул уурхайг хариуцлагатайгаар эрхэлнэ гэдэг нь яг юуг хэлээд байна вэ гэдгийг лавшруулж ойлгож авахыг хүсэж байгаа болов уу. Тэгвэл хэлье.
Уул уурхайн үйлдвэрлэл хариуцлагатай байна гэдэг нь тухайн нутгийн байгаль экологи, түүх соёлын өвийг хадгалах шаардлагыг ойлгох, байгаль орчинд ээлтэй уурхайн ашиглалтыг хэрэгжүүлэх гэхчлэн гол зарчмуудаас гажихгүй байх тухай юм шүү дээ.
Тэгвэл “Сауд гоби коал транс” компани усны багахан нөөцтэй говийнхны ирээдүйд асуудал дагуулах газарт олборлолт хийж байна. Өмнийн говьд үүц их баялаг байгаа нь үнэн. Цөөнгүй компани тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм байхад чухам яагаад заавал “Сауд гоби коал транс” компанийг тухайлан яриад байгаа юм бэ гэж гайхагсад байж болно. Тэгвэл хэлье.
Тост, Тосон бумбын сав газар дахь усны судлын хагалбар хэсэгт “Сауд гоби коал транс” компани олборлолт хийж буйд асуудлын гол байна. Асуудлыг яг энэ өнцгөөс нь эрүүлээр харъя. Тэрхүү усны судлын хагалбар хэсэгт “Сауд гоби коал транс”-аас өөр аль нэг компани олборлолт хийж байгаа бол иргэдийн тэмцэл ялгаагүй яг өнөөдрийнх шиг байх байсан гэдгийг хаа хаанаа санах ёстой юм. Асуудал “Сауд гоби коал транс” гэдэг компани Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн гэдэг хүнийх гэдэгт байгаа юм биш. Асуудал байгаль орчны эсрэг болчимгүй үйл ажиллагаа явагдаж буйд л чиглэж байгаа гэдэгт хаа хаанаа анхаарал хандуулах цаг болж. Чухал асуудлыг улс төржүүлэхгүйгээр, байгаагаар нь харж, шийдэл хайх хэрэгцээ нэгэнт тулчихсаныг хаа хаанаа сэрж, санах ёстой болчихсон байна.
“Сауд гоби коал транс” компани олборлолт хийж эхэлснээр өмнийн говь нутгийн эко системд эрсдэл учруулж Хүрэн худаг, Билүүтийн гол, Хөвд, Хуршуутын гол, олон булаг шанд сүйдэж ширгэх нөхцөл бүрдчихээд байгааг газар оронд нь очоод, сурвалжлаад, нүдээрээ хараад ирсэн хүмүүс хэлсээр байгаа. Нэг хувийн компани байгалийн тогтцын хувьд усны судлын хагалбар байршиж буй хэсэгт олборлолт хийж байгаа нь тооцож хэлэхэд тоо багадахаар эрсдэлийг дагуулж болзошгүй байна.
Усны судалгааны чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн нэг болох доктор Д.Батмөнх говийн усны талаар хэлэхдээ “Говийн бүс дэх газар доорх усны ордууд усны нөхөн сэлбэгдэх чадвар муутай. Хэрэв усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин нь буурах, шавхагдах эрсдэлтэй, усны ууршилт өндөртэй. Ийм эрсдэл нь цаашид бүс нутгийн хэмжээнд хуурайшилт бий болох, цөлжих аюулыг дагуулна” гэж ярьсан нь бий.
Өнгөрсөн тавдугаар сард сэтгүүлчдийн баг Гурвантэс суманд очиж сурвалжилга хийх үед олборлолт хийж эхэлсэнтэй холбоотойгоор усны судал хагарч “Сауд гоби коал транс” компанийн уурхайн нэгдүгээр ам усанд автсан байсныг мэдээлж байсан билээ. Тус компанийн зүгээс БОРООНЫ УС л уурхайн амуудыг нь дүүргэчихдэг гэсэн зүйлийг хэлж ярьсан. Гэхдээ тэд сэтгүүлчдийн дуранд уурхайн аманд хуримтлагдсан усны дүрс үлдэхээс өмнө бол ашиглалтын талбайд ямар ч ус байхгүй гэж байсныг нь санах хэрэгтэй байх.
Тэгвэл тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш 42 хоногийн дараа буюу долоодугаар сарын 7-ны өдрийн байдлаар “Сауд гоби коал транс” компанийн уурхайн гуравдугаар аманд мөнөөх л “борооны гэгдэх ус” нь хуримтлагдсан хэвээрээ байгааг уншигч та дараах зургаас харж болно.
Энэ нөхцөл байдал ил болохоос өмнө “Сауд гоби коал транс” компанийн зүгээс уурхайн ашиглалтын талбайд шүүрлийн ус огтоос байхгүй гэж байсныг санах хэрэгтэй байх. Харин долоодугаар сарын 7-ны өдрийн байдлаарх тус компанийн уурхайн гуравдугаар амны ханыг даган шүүрч доош буун цөөрөм шиг болон тогтсон усны бичлэг ил болсны дараа “Сауд гоби коал транс” компанийн Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Н.Дэмүүл гэж хүн сошиалаар лайв хийхдээ “Манай дээр бага хэмжээний шүүрлийн ус гарч байгаа” гэж албан ёсоор хэлчихлээ. Тэгэхээр “Сауд гоби коал транс” компанийн хувьд яах ч аргагүй баримтуудын өмнө үнэн нөхцөл байдлаа хэлэхээс өөр аргагүй байдалд орж буй дүр зураг харагдаж байна.
Хэдийгээр борооны тогтоол усыг шүүрлийн ус гээд байна гэж тэд дахин мэдэгдсэн хэвээрээ ч говь нутгийн байгаль, цаг уурын бодит нөхцөл тэдний хэлсэнтэй авцалдахгүй байгааг хэлье. Нутаг орон, газар ус хүний хэлээр ярихгүй ч байгалийн хэлээрээ учир шалтгаанаа төвөггүй хэлээд өгдөг гэдгийг монголчууд мэдэх учиртай. Уурхайн амыг дагаад шүүрч, доошоо бууж буй усыг борооны ус биш гэдгийг говийнхон хэлж байна. Тус уурхайд ийм шүүрэлтэй дөрөв, таван хэсэг бий аж. Байнга ингэж шүүрч буй учраас “Сауд гоби коал транс” компанийнхан хэрэндээ арга хэмжээ авч, хүчтэй техникээр соруулж, ууршуулж байгаа юм байна. Логиктой харъя.
Үнэхээр борооны ус юм бол уурхайд үргэлж ийм мотор, шланк байнгын бэлэн байдалд ажиллах шаардлага бий юу? Ер нь говь нутаг тэгж их бороошоод байдаг уу?
Тэгвэл бодит байдал дээр говь нутагт ордог хур тунадасны хэмжээ хамгийн бага байдаг. Хангай, Хөвсгөл, Хэнтийн бүс нутаг дахь хур тунадасны хэмжээ 350 мм байдаг бол Хээрийн бүсэд 250 мм. Харин Говийн бүсэд 80 мм байдаг аж. Жилд хур тунадастай байх сарын тоог харвал Говийн бүсэд 0-1 сар байдаг бол бусад бүс нутгуудын хувьд 3-12 дахин илүү байх жишээтэй. Гадаргаас уурших усны ууршилтын хэмжээ Говийн бүсэд хамгийн өндөр буюу 2500 мм хүртэл байдаг бол бусад бүс нутгуудад энэ хэмжээ 680-1845 мм-ийн хооронд хэлбэлзэж байна.
Тэгэхээр эдгээр харьцуулсан тооноос харахад Говийн нутагт өдөр бүр бороо ордоггүй. Бороо орлоо гэхэд гадаргын усны ууршилт хамаагүй их буюу богино хугацаанд явагддаг талаар эрхбиш ойлголт авахаар байгаа юм. Харин “Сауд гоби коал транс” компанийн зүгээс өгч буй мэдээллийг харахаар уурхайн орчимд нь өдөр бүр ордог мэт. Гэвч тийм байх боломж байхгүй шүү дээ. Уурхайд өрөм тавьсан ус нь маш тунгалаг байгаа нь бичлэгээс харагдаж байсныг тодотгоё. Говийнхны хувьд хөрсөн дээр дөнгөж мэлтэлзэж буй усаа горхи гэж нэрлэдэг юм билээ. Эхэнд хэлсэнчлэн байгалийнх нь тогтоц говийнхныг усаа ариглах, гамнах ухаанд сургачихсан гэхэд болох байх.
Гэтэл “Сауд гоби коал транс” компани усны судлын хагалбар хэсэг дээр мордож суучихаад, олборлолт явуулаад байдаг. Тэрнийг нь дагаж говийн багахан ус шүүрсээр. Тэд энэ чигээрээ олборлоод л, ухаад л байвал уурхайгаас хориодхон километрийн зайд орших Тост, Тосон бумбын нуруун дахь ховор амьтан, ургамал ундаалах усгүй болох эрсдэл байгааг нутгийн иргэд хэлсээр. Тост, Тосон бумбын нуруунд зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог гэдгийг хэлэх нь зөв байх. Энэ нутагт мөнгө биш ус илүү үнэ цэнтэй.