Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Nomad, Урлагаар уулзъя” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Монголын Үндэсний Урлагийн их театр, БНСУ-ын Өмнөд Чүнчон аймгийн Сочон хотын Үндэсний Бүжгийн чуулгатай  хамтарсан “Nomad урлагаар уулзъя” тоглолт маргааш буюу наймдугаар сарын 1-нд ҮУИТ-ын их танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тоглолтод Сочон хотын Үндэсний Бүжгийн чуулгын 26 уран бүтээлч оролцох бөгөөд тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Монгол-Солонгосын үндэсний урлагийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж сурталчлах, хоёр орны соёлын харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа энэхүү тоглолтыг энэ сарын 30-нд Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт толилуулсан бөгөөд үзэгч хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй байсан ажээ.

Тоглолтын талаар Үндэсний Урлагийн их театрын дэд захирал Х.Энхбат “Үндэсний урлагийн их театр, Сочон хотын Үндэсний Бүжгийн чуулгатай 2017 оноос хойш хамтарч ажиллаж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд Чуннам аймаг, Сочон хотод хоёр удаа айлчилж тоглолтоо зохион байгуулсан. Сочоны уран бүтээлчдийн хувьд ч монголд хоёр дахь удаагаа ирж байна. Аливаа улс орны уран бүтээлчид гадаад оронд очоод ихэвчлэн өөрсдийнхөө уран бүтээлийг тоглочихоод л ирдэг бол энэ удаагийн зохион байгуулж байгаа тоглолт хамтарсан бүтээл туурвиж байгаагаараа онцлогтой. Тодруулбал Тоглолтын 2–р хэсэгт тоглогдох бүжгийн хөгжмийг БНСУ-даа алдартай эмэгтэй хөгжмийн зохиолчоор тусгайлан захиалж бичүүлсэн бөгөөд Үндэсний Урлагийн их театрын уран бүтээлчид Сочон хотын Үндэсний Бүжгийн чуулгын уран бүтээлчидтэй хамтарч хамтын шинэ уран бүтээл хийж тайзнаа туурвиж байгаа юм. Бүжгийн хөгжмийг монголын болоод солонгосын үндэсний хөгжмөөр тоглоход донж төрх, илэрхийлэл, зохицол зэрэгт онцгой анхаарч найруулгаа хийсэн. Энэхүү бүтээлээ анх БНСУ-д тоглоход үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан байна. Энэ удаад монголын үзэгчдэд зориулан анх удаа тоглох гэж байна. Цаашид тоглолтоо илүү баяжуулж, бие даасан цогц бүтээл болгон дэлхийн олон орны үзэгчдэд хүргэх зорилготой байгаа” гэж ярилаа.

"Бүтээлийн санаачлагч, найруулагчаар БНСУ-ын Чүнчон аймгийн Сочон хотын Үндэсний Бүжгийн чуулгын уран сайхны удирдагч, найруулагч, хатагтай Пэг Юү Ён, Монголын үндэсний бүжгийн дэглэлтийг Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү нар тус тус хариуцан ажиллажээ."

Мөн энэхүү бүтээлд ҮУИТ-ын Ерөнхий найруулагч МУГЖ А.Даваахүүгийн “Шилийн Бгодын салхи” бүжгийн бүтээлийг ашигласан байна.

Өмнөд Чүнчон аймгийн Сочон хотын Үндэсний Бүжгийн чуулгын уран сайхны удирдаач, Пёнян намду биет бус соёлын өв болох Ким Пэг Буны Дэвүүрт бүжгийн III үеийн залгамжлагч Пэг Юү Ён манай орны уран бүтээлчидтэй хамтран ажилласан тухайгаа “Монголын урлаг байгаль, тал нутаг шигээ эрэмгий, баатарлаг байдаг бол манай солонгосын урлаг далайн давалгаа шиг зөөлөн аядуу байдаг. Энэ хоёр мэдрэмжийг хооронд нь нийлүүлбэл маш сайхан уран бүтээл гарна гэж өмнө нь боддог байсан. Тиймдээ ч бидний уран бүтээл маш сайхан нийцтэй болж, амжилттай шинэ уран бүтээл төрөн гарлаа. Энэ бүтээл маань хоёр орны яг үндэсний урлагийн суурин дээр бүтээгдсэн гэдгээрээ онцлог. Үндэсний урлагийн бүхий л шинж төрх энэ уран бүтээлд шингэж өгсөн. Мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахад чадварын ялгаа огт байсангүй. Бүгдээрээ урлагийн сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид учраас чадвар чансааны хувьд үнэхээр бахархмаар байсан гэдгийг энд онцлон хэлмээр байна. Хэдийгээр хоёр орны уран бүтээлчдэд маань хэлний үл ойлголцол байх ч хөгжимчид нотоороо, бүжигчид хөдөлгөөнөөрөө ойлголцоод хамтран ажиллахад ямар ч саад байсангүй” хэмээн ярьж байв.   

Үндэсний Урлагийн их театр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баянгол дүүрэгтэй хамтран дүүргийн алслагдсан гэр хорооллын иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЭХЭМҮТ-ийн 100 эмч сувилагч, асрамжийн газрын хүүхдүүдэд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.  

Тоглолтын бэлтгэлээс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top