Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.08.12/ хянан хэлэлцэж байна.
Тус шүүх хуралд С.Зоригийн амь нас хохирсон хэргийн асуудлаар байгуулагдсан Түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт илэрхийлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас хүргүүлсэн эрүүгийн хэргийн хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас дараах үндэслэлээр хүлээж аваагүй гэдгийг мэдээллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч гэж хэн бэ гэдгийг тодорхой хуульчилж заасан байгаа. Мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т /Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ/ гэж хуульчилсан, тухайн хэрэгт гэрч, хохирогч нараас хэнийг оролцуулахыг шийдвэрлэх асуудал биш хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн
1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасныг зөрчих үндэслэл болно.
Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан.
Шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзэж байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 7 гишүүний шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй болно.
УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтуудад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт Түр хороо байгуулагдаад ажиллаж байгаа талаараа хүсэлтдээ дурдсан байна. Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй, мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй байна. Иймд С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа гэх үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл байхгүй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаан үргэлжилж байна...
Сэтгэгдэл ( 0 )